Т.Даваадалайг баривчлах үйл явц хэрхэн өрнөв

Zuv.mn
3 цаг 17 минутын өмнө

-Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар шалгаж эхэлжээ-

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Т.Даваадалайг Эрүүгийн цагдаагийн алба өнгөрсөн шөнө баривчилж, 48 цаг цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийг дэлгэрүүлэн хүргэж байна.

Хуулийн байгууллагаас Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Сэргэлэнбаатар, “Үнэн ба зөв” намын дарга Ш.Мөнхсайхан нарыг өнгөрсөн баасан гарагт хойшлуулшгүйгээр баривчилж, 72 цаг цагдан хорьсон. Тэднийг “Професионалстрой” компанийг хамтран эзэмшдэг бөгөөд “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд 230 гаруй тэрбум төгрөг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж буй.

Тэгвэл өчигдөр буюу ням гарагт Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид Нийслэлийн Засаг даргийн эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайгийн гэрт нэгжлэг хийж, улмаар өнгөрсөн шөнө баривчлан 48 цаг цагдан хориод байна.     

Т.Даваадалайгийн баривчилгаа өнгөрсөн шөнө 03:00 цагийн үед болжээ. Өнгөрсөн шөнө түүнээс гадна “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн, “Абонк” ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нарыг мөн баривчилсан байна. Тэднийг ЭХ-ийн 17.4-2.2 (Хөрөнгө завших), 18.6-1 (Мөнгө угаах) дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Н.Билгүүний гүйцэтгэх захирлаар ажилладаг “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК нь зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол Б.Болормаагийн нягтлан бодогчоор ажилладаг “Абонк” ХХК нь Авто тээвэр, оёдол, бараа материал нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 99.199.106.43
    48 минутын өмнө

    Хулгайчдын эх оронд хэн их авсан нь бага авсанаа айлгаж байгаад хуу хамдаг номтой

    Хариулах
  • 66.181.160.38
    59 минутын өмнө

    Заавал шөнийн 3 цагт баривчилдаг нь ямар учиртай юм бэ?? 1937 оны НКВД, Дотоод яамны гeн нь удамшаад одоо хүртэл яваад байгаа юм уу??!!

    Хариулах
  • 59.153.114.148
    1 цагийн өмнө

    Хулгайч луйварчингуудыг толгой дараалан шалгаж зохих хариуцлагыг хүлээлгэх гол нь хөрөнгийг юу ч үгүй хурааж улсын орлого болгох хөрөнгий нь хураахгүй бол хулгайчууд хэвээр л бна

    Хариулах