Туулын хурдны замыг хэлэлцэнэ гэсэн ч А.Баяр захирамжаар тусгаагүй байжээ

Б.Мөнхболд
2 цаг 36 минутын өмнө

Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр 10:00 цагт болох байсан НИТХ-ын ээлжит VII хуралдааныг НИТХ-ын дарга А.Баяр хойшлуулж, МАН-ын бүлэг буюу олонх гишүүдийн саналаар ээлжит бус хуралдааныг зохион байгуулсан билээ. Ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан.

Харин НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хууль бусаар хойшлуулсан шалтгааныг А.Баяр тайлбарлахдаа “Тус хурлаар Туулын хурдны замыг хэлэлцэх байсан. Засгийн газраас асуудлыг нэг тийш болгож шийдвэрлээгүй учир, би ард түмний эсрэг зогсож, Туулын хурдны замын асуудлыг хэлэлцүүлэхийг хүсээгүй” гэж мэдэгдсэн.

Гэвч 2026 оны 4 дүгээр сарын 20-ны НИТХ-ын дарга А.Баярын А/87 захирамжаар хэлэлцэх асуудлын 22 жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтад Туулын хурдны замыг хэлэлцэх асуудал багтаагүй байна.

НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар дараах 22 асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.

  • Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулга мэдээлэл
  • “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай
  • Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшийг чадавхжуулах, дутагдлыг нөхөх арга хэмжээний тухай
  • Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад спорт заал, урлаг заалаа өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах талаар уриалга гаргах тухай
  • Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх тухай
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт оруулах тухай
  • Газар эзэмших эрх дуусгавар болгох, газрын байршил өөрчлөх зөвшөөрөл олгох тухай
  • Хурлын даргын 2026 оны А/12 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн санал дүгнэлт
  • 2026 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай
  • “Улаанбаатар байгалийн хий" ХХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг худалдан авах тухай
  • Нийслэлийн өмчөөс төрийн болон орон нутгийн өмчид тээврийн хэрэгсэл шилжүүлэх тухай
  • “3орчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар ОНӨТҮГ-ын хэлбэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай
  • “Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ-ын хэлбэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай
  • “Нийслэлийн ахмадын амралт, сувиллын төв” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрэм батлах тухай
  • Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай (3 тогтоолын төсөл)
  • Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (НИТХ-ын 2025 оны 25/149 дүгээр тогтоол)
  • Нийслэл Улаанбаатар хот нь 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай
  • Нийслэлийн гадаад үнэт цаасны эргэн төлөлтөөс 400,0 сая ам.долларыг 3 жилээр хойшлуулах тухай
  • Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай тус тус хэлэлцэхээр товлосон байжээ. 

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна