Ц.Магалжав: Нэг удаагийн үйлдэл биш учраас Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хассан

Zuv.mn
2 цаг 16 минутын өмнө

МҮБХ-ны ЁЗСХЗ-ийн /2026.06.10/-ны өдрийн хурлаар нэр бүхий хоёр  бөхөд ёс зүйн хариуцлага ногдуулсан. Уг асуудлын талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл өглөө.

Тэрбээр “МҮБХ-ны ЁЗСХЗ-ийн /2024.06.05/-ны өдрийн хурлаар Улсын арслан Р.Пүрэвдагва нь зургаан удаагийн ёс зүйгүй үг хэлж байсан зохисгүй үйлдлүүд удаа дараа гаргаж байсан тул сануулах арга хэмжээ авч байсан. Үүний дараа буюу 2025, 2026 онд зохион байгуулсан заал, танхимын барилдаануудад нийт 8 удаа өөрийг нь давсан бөх, тэнд ажиллаж байсан засуул, хөлийн цэцүүдэд ёс бус үг хэллэг, хараалын үг хэлж байсан. Мөн сорилго барилдаан дээр ёс зүйгүй үйлдэл гаргасан нь Улсын арслан цолтой бөх, дасгалжуулагч хүнд байж боломгүй үйлдэл гэж үзэж хариуцлага ногдуулж таван сараар барилдах эрхийг хассан юм. 

Харин аймгийн арслан Я.Бумбаярын хувьд хоёр бөх барилдаж байхад хөндлөнгөөс өөрт холбоо хамааралтай бөх дээр очиж хэнд хандаж байгаа мэдэгдэхгүй хараалын үг хэлсэн тул нэг сар барилдах эрхийг нь хассан. МҮБХ-ны ЁЗСХЗ-д хүний эрхийн хуульч, эрх зүйч, өмгөөлөгч, түүхч хүмүүс орж ажилладаг. Ямар нэг асуудлыг хуулийн хүрээнд, бөхчүүдийг соён гэгээрүүлэх чиглэлд ажилладаг. Нэг удаагийн үйлдлээр ийм шийдвэр гаргаагүй ” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна