Шударга үнэний дүрд хувилсан Г.Солонго тэргүүтэй тэмцэгчид улсаа хорлож байна

С.Гандэлгэр
6 цаг 21 минутын өмнө

Гартаа утас атгаж эх орончийн баг зүүсэн тэмцэгчид Монгол Улсыг хөгжүүлэх, эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалт татах томоохон төсөл бүр дээр очиж шантаажилдаг, зогсоодог болоод удаж байна. Тэгвэл тэдний улсаа хорлож гацаах дараагийн төсөл нь газрын тосны хайгуулын ажил байх нь ээ.  

Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ 97 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ-ын шатахууны нийлүүлэлт доголдох бүрд манай улс хүнд байдалд орж, иргэд ШТС-уудын үүдэнд хонох шахам дугаарласаар ирсэн.  Энэ хараат байдлаас гарахын тулд Монгол Улс дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа. Мэдээж үйлдвэр ашиглалтад орсны дараа их хэмжээний түүхий эд хэрэгтэй. Иймдээ ч хэд хэдэн байршилд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа. 

Гэтэл өнгөрөгч баасан гарагт өөрсдийгөө тэмцэгч хэмээн тодорхойлсон Г.Солонго, Г.Адилбиш нарын нэр бүхий этгээдүүд хайгуулын талбайд байрлуулсан түр кемпийн ажилчдын байр луу зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хөрөнгөд нь халдан, дураар авирласан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. 

Мэдээж тухайн компани хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан тохиолдолд Монгол Улсын иргэн үгээ хэлж, дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэвч Засгийн газрын шийдвэрээр хууль ёсны дагуу хайгуул хийж байгаа компанийн ажилчдад зүй бусаар хандах нь өөрөө хууль бус үйлдэл бөгөөд том зургаар харвал улсаа хорлож буй үйлдэл юм.

Тэмцэнэ гэдэг нь гадаад ажилтнуудыг өмнөө сөгдүүлж, байр орон руу нь халдаж, гадаад пасспортыг нь хураан авч зүй бусаар хандана гэсэн үг огтоос биш. 

БНХАУ бол манай мөнхийн хөрш бөгөөд экспорт, импортын хамгийн том түнш. Гэтэл мөрөөрөө ажлаа хийж буй БНХАУ-ын иргэний биед халдаж, дайрч, доромжлох нь хоёр улсын дипломат харилцаанд ч халтай байж мэдэх юм. Түүгээр зогсохгүй олон арван жилийн турш ярьсаар байгаа гадаадаас хөрөнгө оруулалт татах ажлыг зогсоож, арай хийж орж ирсэн хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдах эрсдэлд оруулж ч мэдэх юм. 

Тиймээс шударга үнэний дүрд тоглосон, улс орны чухал төслүүдийг гацаагч нарын эл үйлдлийг нэн даруй таслан зогсоож, Үндэсний аюулгүй байдалд халдаж байгаад хариуцлага тооцох нь зөв биз. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.37
    14 минутын өмнө

    Төр засаг энэ мэт дур зоргоор авирласан танхай хүмүүсийг баривчлан шийтгэж залхаан цээрлүүлж байхгүй бол энэ улс чинь хэн дуртай нь орж түйвээж байдаг эзэнгүй айл шиг боллоо????

    Хариулах