Сергей Брин-ОХУ-д элэггүй ч орос баншинд "нугасгүй" тэрбумтан

Х.Батсайхан
1 цаг 53 минутын өмнө

Өнөөдөр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын эхний тавд монголчуудын хамгийн сайн мэддэг, бас мэддэггүй гурван хүн бий. Тэд бол “Нүүр ном” буюу “Фейсбүүк”-ийг үндэслэгч М.Цукерберг, монголчууд “Гүүгл ах” хэмээн дотночлон нэрлэдэг хайлтын алдарт программ Google-ийг зохион бүтээсэн Сергей Брин, Ларри Пейж нар юм. 

“Гүүгл хийх үү”

Тархиа гашилган байж амжилтын оосроос атгасан тэднийг одоо дэлхий нийт андахгүй болжээ. “Гүүгл ах”-ыг эх барьж авсан хоёроос энэ удаад Сергей Бринийг нь танилцуулъя. Харин дараагийн удаад Ларри Пейжийг танилцуулах болно. Учир нь Сергей Ларригаас таван сараар дүү, бас “Google” компанийн хамгийн том “босс” нь юм.

“Гавал” ээж, аавын хүү

АНУ-ын иргэн, Орост төрсөн еврей үндэстэн Сергей Михайлович Брин 1973 оны наймдугаар сарын 21-нд Москвад мэндэлжээ. Түүний эцэг нь Москвагийн их сургуульд математик заадаг байв. Харин 1979 онд тэдний гэр бүл АНУ руу цагаачилжээ. 

Зөвлөлтийн математикийн ухаан олон улсад нэр хүндтэй байсан тул эцэг Михаил Брин нь удалгүй их сургуульд багшлах болж, харин инженер мэргэжилтэй эхнэр нь АНУ-ын Сансар судлалын НАСА агентлагт мэргэжилтнээр оров. Бяцхан Сережа ч шинэ нутагтаа төвөггүй дассан байна. Математикчийн хүүхэд тэрээр тоондоо бусдаас илүү байсан нь тодорхой. 

Түүнийг арван нас хүрэхэд аав нь тухайн үед ховор эдэд тооцогддог байсан компьютер бэлэглэв. Сургуулийн хажуугаар Серёжа гэрээрээ математик, орос хэл сурч байлаа. 1990 онд сургуулиа төгсөөд Сергей эцгийнхээ хичээл заадаг Мэрилэндийн их сургуулийн математикийн ангид элсч хугацаанаасаа өмнө улаан дипломтой төгсөв. Дараагаар нь АНУ-ын “нэр хүндтэй компьютерийн сургууль” гэгдэх Стэнфордын их сургуульд элссэн юм. 

Америкийн зарим сургуулиуд бакалаврын зэрэгтэй оюутнуудыг шууд докторантурт элсээд сургалтынхаа явцад магистрын диплом авахыг зөвшөөрдөг. Ингэснээр их сургуулиуд авьяаслаг оюутнуудаа ямар нэгэн төсөлд хамруулах боломжтой болж харин оюутнууд нь сурахын хажуугаар мөнгө олохын тулд өөр ажил хийж хичээлээ цалгардуулахгүй болдог аж.

Хамтрагчаа олох нь амжилтын тал

Бизнест хамтрагчаа зөв сонгож олох нь амжилтын 50 хувь гэдэг үг бий. Сергей, Ларри хоёр Стэнфордод танилцжээ. Тэд ямар нэгэн асуудлаар үргэлж өөр өөрийн бодолтой байдаг тул байнга маргалддаг байсан ч хагацашгүй найзууд болж чадсан гэнэ. Найзуудын эрдэм шинжилгээний ажил нь дэлхий нийтийг хамарсан интернэт сүлжээн дэх сая сая баримт материал дотроос өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн олох тухай байв. Сергей 1994 онд хайлтын нэгэн программ бий болгов. Энэ программ нь “Playboy” сэтгүүлийн сайт руу ороод автоматаар элдэв зураг хайж олдог байжээ. Гэхдээ тэдэнд зөвхөн ганц сайтан дотор хайлт хийдэг биш харин бүх интернэт сүлжээнд хайлт хийдэг тийм программ сонирхолтой байлаа.

АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын Их сургуулийн сайт дээр 1996 оны намраас эхлэн “BackRub” нэртэй хайлтын нэгэн электрон хуудас ажиллаж эхэллээ. Энэ нь тус сургуулийн аспирант Сергей Брин, Ларри Пейж нарын эрдэмийн ажил байв. Харин нэг терабайтын хүчин чадалтай винчестертэй сервер сургуулийн нийтийн байран дахь С.Бриний өрөөнд байрлаж байв. “BackRub” цоо шинэ үйлчилгээг санал болголоо. Хайлт хийхэд олдсон хуудсууд нь өөр интернэт сайт руу орж байлаа. Энэ хайлт тун амар дөхөмтэй байсан тул сургуулиас гадуур ч их алдартай боллоо.

“Гүүгл ах”-ыг байгууллаа

1998 оны зун гэхэд “BackRub” өдөр бүр арван мянга гаруй хүнд үйлчилж байв. Энэ ажил эрдэм шинжилгээний хүрээнээс хэдийнэ гарч бүр их сургуулийн дотоод бичиг баримтыг хүртэл бүгдэд нээлттэй болгож өгсөн тул сургуулийн захиргаа сайтыг хааж зохиогчдыг нь “компьютерийн танхайрал” хийсэнд буруутгажээ. “Үргэлжлүүлэн сурах уу, эсвэл өөрийн бизнесээ эхлэх үү гэдэг сонголт нэг л өдөр миний өмнө босч ирсэн” гэж хожим нь Сергей Брин ярьсан нь бий. 

Тэрээр “өөрийн бизнесээ” эхлэхийг сонгосон бөгөөд алдаагүй юм. Гэхдээ түүнд санаанаас өөр юу ч байсангүй. Бизнес санааг нь дэмжих, бас хөрөнгө оруулалт хийх хүн тэдэнд хэрэгтэй байлаа. Ингээд Сергей Брин, Ларри Пейж хоёр “Sun Microsystems” компанийг үндэслэгчдийн нэг Энди Бехтольштаймтай уулзаж өөрийн хайлтын сайтын тухай ярьсан байна. 

Энди “Тун сонирхолтой юм. Гэхдээ би их яарч байна. Танай компани тэгээд ямар нэртэй юм бэ дээ” гэснээ чекийн дэвтрээ гаргаж 100 мянган ам.долларын чек бичиж өгчээ. Алмайрч гүйцсэн хоёр залуу “Google Incorporated” нэрээс өөр юу ч үгүй хоосон компани бас 100 мянган долларын чектэй үлдэв.

 Гэхдээ мөнгийг авахын тулд яаралтай “Google Incorporated” компанийг бүртгүүлэх хэрэгтэй байлаа. Тэд сургуулиасаа академик чөлөө аваад хамаг найз нөхөд, хамаатан садан руугаа утасдан тусламж хүсч улмаар долоо хоногийн дараа буюу 1998 оны есдүгээр сарын 7-нд нэг сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй “Google Inc” компани албан ёсоор бий болжээ.

Үүний дараа тэд анхны офисоо найзуудынхаа нэгнийх нь машины гараашид нээсэн юм. Тэд олсон бүх мөнгөө бизнестээ зориулав. Харин 1999 оны эхээр АНУ-ын томоохон сонин хэвлэлүүд хүмүүст маш хэрэгтэй хайлтын сайт бий болсон талаар бичиж эхэлсэн нь тэдэнд сайхан сурталчилгаа болж өгөв.

 Үүсэн бий болсноос хойш жил хагасын дараа “Google” ашиг орлоготой компани боллоо. Улмаар 2004 оны зун хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааг байрлуулахад Сергей Брин, “Гүүгл” компанийн аль, аль нь нэр хүндийн оргилд нэгэнт гарсан байлаа. Хувьцаа байрлуулалт тун амжилттай болж жилийн дараа тус компанийн орлого 100 тэрбумд хүрсэн юм.

Илүү далайцтай төслийг дэмжиж, нийтийн эрх ашгийг эрхэмлэнэ

            “Google inc” маш олон төсөлд хөрөнгө оруулалт хийдэг шигээ буяны ажилд ч их хөрөнгө зардаг. Хандив өргөх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх санаачлага Сергей Бринийх байх нь олон. Тэрээр ялангуяа эрчим хүчний илүү хямд эх үүсвэр олох, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх төсөлд мөнгө харамгүй цацдаг. Ийм төслүүд нь илүү олон хүнийг хамарч, нийтэд ашигтай байна гэж итгэдэг учраас л ингэж сэтгэл харамгүй тусладаг ажээ. 

Ларри Пейжийг бодвол Сергей хэвлэлийнхэнд нээлттэй хүн. Тэрээр энд, тэндхийн хурал зөвлөгөөнд уриалгахан оролцож, технологийн дэвшил, цаашдын ирээдүйн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Гурван өрөө байранд амьдарч, “Приус” машин унадгаараа монголчуудын ихнэнхитэй “нэг зиндааных”. Сергей сонирхолдоо хөтлөгдсөн, “хувийн” шинж чанартай төслүүдийг ч ихээр хэрэгжүүлдгээрээ ихэнх баячуудаас ялгаатай.     

            ОХУ-д элэггүй, орос баншинд нугасгүй тэрбумтан

Хувийн амьдрал эхэндээ тун ч энгийн даруухан, өөрөөр хэлбэл, зөв замаар явж байсан. Тэрээр 2007 он гэхэд аль хэдийнэ 16.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байсан ч энгийн бүсгүйтэй гэрлэсэн юм. Эхнэр Анне Вайжицки нь анхны оффисоо нээж байсан гараашийг түрээслэсэн эзэн нь байсан гэнэ лээ. Хосууд 2008 онд хүү, гурваан жилийн дараа  охинтой болсон ч харамсалтай нь, 2013 онд хоёр тийш болжээ. Гэхдээ сангийнхаа ажлаар бол уулзалдчихна. Үр хүүхдийнхээ асуудлыг ч ярьчихдаг. Ямар сайндаа шинэ найз бүсгүй Аманда Розенберг нь хуучин эхнэртэй нь найз нөхдийн холбоо тогтоохыг оролдож байх вэ. Сергей 2018 онд Николь Шэнэхэн гэгч бүсгүйтэй гэрлэж, 2021 онд салснаасаа хойш дахиж гэрлээгүй байгаа.

Сергей Брин Орост дургүй. АНУ-д нүүж ирсэн эцэг, эхдээ үргэлж талархдаг гэдгээ хэнээс ч нуудаггүй. Гэхдээ Орос оронд таагүй ханддаг гээд орос баншинд дургүй болоогүй. Сан Францискод байдаг “Русскую чайную Кати” буюу Катягийн цайны газарт байнга зочилдог байна.  Тэрбээр нэгэнтээ “Хэдий би олноор хүрээлүүлсэн хүн ч гэсэн хаяа өөрийгөө цөөнх мэтээр мэдрэх шиг сонин бодол төрдөг. Энэ нь миний еврей яс үндэстэй холбоотой байх л даа. Тиймээс би бусдын түрлэгт автчихгүй байх, дийлж байгаа хэсэгт нь орж явахын тулд байдгаараа хичээсэн” гэсэн нь амжилтад хүрсэн гол нууцаа задалсан гэлтэй.

Дашрамд хэлэхэд, Америкийн сурагчдын дунд “Google хийх” гэсэн хэллэг бий. Энэ нь тодорхой бизнес төлөвлөгөөгүй мөртлөө их мөнгө олох гэсэн утгыг илэрхийлдэг аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна