Б.Дашпүрэв: Иргэд бухимдах нь аргагүй. Бид богино хугацаанд хэвийн болгохоор ажиллаж байна

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 21 минутын өмнө

АҮЭБ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс шатахууны нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Иргэд шатахууны улмаас бухимдан өчигдөр төв талбайд жагсаал хийлээ. Шатахууны асуудлыг шийдвэрлэх ямар гарц гаргалгаа байгаа вэ. Шатахууны нөөц хэр байна вэ?

-Иргэд бухимдах нь аргагүй. Ойлгож байна. Гэхдээ ОХУ дайны нөхцөл байдалтай, олон үйлдвэрүүд довтлогоонд өртсөн. Дотооддоо хэрэгцээгээ хангаж чадахгүй, бусад улсад түүхий тос борлуулж, гаднаас хэрэгцээгээ болгож байгаа.

Монгол Улсын хувьд шатахууны 100 хувь хараат байна. Үүнээс үүдэн газрын тос боловсруулах үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулахын тулд Засгийн газар санаачилж, УИХ зээлийн асуудлыг шийдвэрлэсэн. Үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, өнөөдрийн байдлаар 60 гаруй хувьтай байна.

-Хомсдол үүсдэг асуудлыг арилгахын тулд савныхаа хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ жил 300 мянган метр кубын савтай болох ажлыг эхлүүлсэн. Зун 50 мянган метр куб сав ашиглалтад орно.

-2028 он гэхэд Монгол Улсын нийт хэрэгцээний гурван сарын хэрэгцээг хадгалдаг болох зорилго тавин ажиллаж байна. Энэ ажлууд хийгдсэний дараа үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэнэ.

Үүний хажуугаар хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөцөө тогтоох шаардлагатай. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 16 хайгуул, судалгааны ажил хийх боломжтой талбайг ялган олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Улмаар хайгуул хийж, нөөцөө тогтоон олборлолтыг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход дотооддоо 100 хувь тосоор хангах юм.

Мөн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх ажил хийж байна. БНСУ, БНХАУ-аас бүтээгдэхүүн татан авч байна. Цаашлаад Малайз, Сингапур, Япон улсаас бүтээгдэхүүн татах мөн Беларусь, Казахстан зэрэг улсаас шатахуун импортлох гэрээ хэлэлцээр хийж байгаа.

Олон улсад үүссэн нөхцөл байдал, тэр дундаа ОХУ-д боловсруулах үйлдвэрүүд доголдсон учраас бэлэн бүтээгдэхүүний нөөцгүй, бэлэн байгаа нь өндөр үнэтэй байгаа.

Бид боомтуудаа өргөтгөх ажил хийж байна. Аюултай ачаа тээвэрлэх боломжтой болгох хүсэлтийг БНХАУ-д илгээж байгаа. БНХАУ-аас зөвхөн вагоноор татахаас гадна бусад боомтоор, авто замаар татах бодлогын асуудлыг тавьж байна.

Хууль эрх зүйн нөхцөлийг тодорхой болгох хэрэгтэй. Гадна дотны хөрөнгө оруулалт тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барихад бэлэн болгож байна.

Зөвхөн бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлд хөрөнгө оруулагчид ажиллах нь тухайлсан ордын нөхцөл байдалд тохирсон харилцан ашигтай байх боломжийг бүрдүүлэхгүй байгаа учраас хөрөнгө оруулалт тогтвортой орж ирэхгүй байгаа. Ийм учраас олон улсын жишигт нийцсэн татварын систем бий болгох мөн орлого хуваах, хөрөнгө оруулалтын гэрээгээр хамтран ажиллах боломжийг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний хуульд бид бүхэн хийн хангамжийн системийг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчээр дэмжих бодлогын өөрчлөлтүүдийг хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн хувьд авто бензиний 11, дизель түлшний 21 хоногийн нөөцтэй байна. Дизель түлшний нөөцийг бүрдүүлж ажиллах хүрээнд тасралтгүй ажиллаж байгаа. Энэ маш чухал асуудал.

Иргэдийн хувьд бензиний очер дараалал үнэхээр хүндрэлтэй байгаа. Дизель түлш Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа уул уурхай, тээвэр, хөдөө аж ахуйн салбар мөн ургац хураалт, нүүж суух ажил гээд эдийн засгийг тэтгэж байгаа салбаруудад 99 хувь хамааралтай.

Дизель түлшний нөөцийг бүрдүүлж Монгол Улсын орлогыг тасалдуулахгүй, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бодит хэмжээг нэмэгдүүлэх бодлогууд амжилттай хийгдээд явж байгаа.

Хадлан тэжээл дуусах дөхөж байгаа энэ хугацаанд дутагдал гачигдал гараагүй. Нүүдэл, тээвэр гэх зэрэгт дизель түлшний хангамж хэвийн байгааг онцолж хэлмээр байна.

-Колонкуудад бензин байгаа нэг л хошуугаараа өгч, ээлж солиод маргааш өгнө гээд байгаа. Шуурхай штабын шалгалт ирэхээр нээчихээд явахаар нь хаачихдаг гэж иргэд хэлж байна. Байгаа нөөцөө чирэгдэлгүй олгох тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Нэгдүгээрт, бүтээгдэхүүний чанарын асуудал. Олон нийтийн дунд чанаргүй байна гэх яриа байсан учраас Ашигт малтмал газрын тосны газар долоо хоног тутам санамсаргүй байдлаар дээж авч олон нийтэд ил тод мэдээлж байгаа.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб өдөр бүр хуралдаж, тодорхой шийдвэрийг гаргаж байгаа. Энэ хүрээнд оройн цагаар хяналт хийсэн. Мэдээллийн дагуу зарим нэг ШТС нөөцтэй байж хаадаг, зөвхөн гэрээт байгууллагууддаа өгдөг, талоноор үйлчилдэг зэрэг асуудал гарсан. 

Улсын хэмжээнд хомсдолтой, иргэд очерлож байгаа нөхцөлд хувийн маркетинг хийхгүйгээр тэгш олгох ёстой гэсэн шаардлага хүргүүлж байгаа. Цаашлаад нийгмийн хариуцлагын хүрээнд тасралтгүй ажиллаж байгаа газруудад квотыг нь шилжүүлэх арга хэмжээ авна. Хомсдолтой байгаа үед торгох, хаах гэхээс илүү нэг ч гэсэн ШТС-ыг ажиллуулах нь бидний хамтын ажил, зорилго зорилт.

Улаанбаатар хотод энгийн үед 1000 тонн АИ92 шатахуун хэрэглэдэг. Өнөөдрийн байдлаар 1200-1400 тонныг нийлүүлэн ажиллаж байна. Хөдөө орон нутагт тасалдал, хомсдол их байгаа. Энгийн үед өөрсдийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүний захиалга баталгаажиж байгаа. Нөөцгүйгээс болоод доголдол үүссэн.

Хүйтний улирал эхлэхээс өмнө нөөцөө нэмэгдүүлж байж жигд олгогдоно. Нийслэлд хомсдлоос үүдэлтэй очер, дугаарлалт их байна гээд нийслэлдээ анхаарахаар хөдөө орон нутагт тасалдаж, хомсдож байна.

Аравдугаар сарын захиалга баталгаажсан. БНХАУ-аас найм, БНСУ-аас 12, ОХУ-аас 57 мянган тонн шатахуун авах эхний ээлжийн захиалга баталгаажсан. Гэрээ хэлэлцээр үргэлжилж байна.

Бид хүндрэлтэй, бусад улсаас хараат байгаагаа ойлгох хэрэгтэй. Иргэд бухимдалтай байгааг ойлгож байна. Гэхдээ бид эвтэй байж, асуудлыг ойлгож болж өгвөл тодорхой хэмжээнд хэмнэж, улсынхаа нөөцийг бүрдүүлж чадвал цаашдаа доголдолгүй ажиллах нөхцөл бүрдэнэ.

Авто бензин болон дизель түлшний үнийн мэдээллүүд ирсэн. Үнийн асуудлыг дахин ярилцана. Дараагийн саруудын үнийн прогнозыг авна. Мэдээллүүдээ авч байж анализ хийж ажилладаг.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна