Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” группын хооронд явагдсан Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээр албажиж, хүчин төгөлдөр болжээ.
Сангийн сайд З.Мэндсайхан энэ талаар “Г.Дамдинням сайдаар ахлуулсан “Менежментийн төлбөр бууруулах”, миний бие ахалсан “Зээлийн хүү бууруулах болон санхүүжилтийн хугацааг эргэн харах, нөхцлийн сайжруулах” Ажлын хэсэг гарч ажилласан. Миний бие ахалсан Ажлын хэсэг зээлийн хүүг SOFR+4 хувь болгон бууруулж, долоон жил байсан эргэн харах хугацааг гурван жил болгож бууруулсан. Г.Дамдинням сайдын ахалсан Ажлын хэсэг менежментийн төлбөрийг 50 хувь бууруулсан. Энэ хэлэлцээрийн үр дүнгээр өнгөрсөн сарын 11-нд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон гэдгийг та бүхэндээ дуулгаж байна.
Энэ гэрээ маань англи, монгол хэл дээр байна. Хэвлэлийнхэн маань аваад дамжуулаарай. Мөн Оюутолгой ХХК-ийн албан ёсны цахим хуудаст нээлттэй байршиж байгаа. Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” группын хэлэлцээр албажсаныг эцсийн байдлаар та бүхэнд танилцуулж байна” гэлээ.
Мөн ноогдол ашиг авах тухайд “Бид ирэх оны төсөвтөө 3.2 их наяд төгрөг авна гээд төлөвлөчихсөн байгаа. Группын гүйцэтгэх захирал өнгөрсөн сард ирэхдээ 2026 оны тайлан гарсны дараа ноогдол ашиг хуваарилна гэдгээ мэдэгдсэн. Ногдол ашгийг хэрхэн авах хэлэлцээр хийх ажлын хэсгийг миний бие ахалж, Г.Дамдинням сайд дэд ахлагчаар ажиллаж байгаа. Энэ хэлэлцээр он дуустал үргэлжилнэ, ингээд 2027 онд бид ногдол ашиг авна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна