“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна

С.Гандэлгэр
5 цаг 41 минутын өмнө

“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэт хивс” компанийн хамт олонтой уулзлаа.

Хөнгөн үйлдвэрийн салбарын хагас зуун жилийн түүхийн гэрч болсон “Эрдэнэт хивс” компани сүүлийн таван жилд 115 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ ахуй амьдралд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Тус компани жилд 1.5 сая м.кв хивс, 180 мянган м.кв барилгын дулаалгын материал, 25 мянган хос эсгий гутал, 10 мянган ширхэг эсгий гудас зэргийг үйлдвэрлэж, малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт хивс” болон “Эрдэнэт кашмер” компани 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, хүчин чадлаа үе шаттай нэмэн, экспортын өрсөлдөх чадвараа сайжруулжээ.


1981 онд байгуулагдсан “Эрдэнэт хивс” компани өдгөө 650 гаруй ажилтан, албан хаагчтай, олон улсын чанар, стандартыг бүрэн нэвтрүүлсэн, дэлхийн шилдэг ноосон эдлэлийн барааны тэмдэг эзэмшигч болон өргөжөөд байна.

Өнгөрсөн хугацаанд тус компани 562 сая км ноосон утас, 30 сая м.кв хивс үйлдвэрлэн, дотоодын зах зээлийн 88 хувийг дангаараа хангаж, 10 гаруй улсад 12 сая м.кв хивс экспортолжээ.

Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, сорилтыг амжилттай даван туулж, 46 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулан, хонь, тэмээний ноос, сарлагийн хөөврийг боловсруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг нь үнэлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт хивс” компанийг Алтан гадас одонгоор шагнав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна