Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт баавгай хүн барьсан талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: "Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Улиастайн Бурхантын ам гэх газар баавгай айлын гэр рүү дайраад байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагын харьяа нэгжээс шуурхай тухайн газарт очиж ажилласан. Шалгалтын явцад 55 настай эмэгтэй нүүрэн хэсэгтээ баавгайд самардуулсан байдалтай, мөн 40 настай эрэгтэй нас барсан байдалтай байсан.
Эмэгтэйн хувьд баавгайд самардуулаад гэрээс гараад зугтаасан тулдаа амьд үлдсэн гэх мэдээллийг өгч байна. Одоогоор эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авсан. Нас барсан эрэгтэйн цогцсыг гэрээс нь холгүй зайнаас олсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Энэ оны байдлаар баавгайтай холбоотой байгаль орчны газарт нийт 597 тохиолдол бүртгэгдсэн. Айлын гэр рүү халдсан баавгайг холбогдох албаныхантай хамтран эрэн хайж байгаа. Баавгай дайрсан тохиолдолд хэн ямар хариуцлага хүлээх нь хуульд тусгагдаагүй. Тиймээс бид өөрсдөө аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна.
Нийслэлийн байгаль орчны газар, Байгаль орчны яам энэ асуудал дээр анхаарал хандуулах ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна