Баавгайд бариулж амиа алдсан 40 настай эрэгтэй хадланд туслахаар ирсэн байжээ

Х.Есү
2 цаг 16 минутын өмнө

Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө 01:04 цагт Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бурхант хошуу гэх газар баавгай айлын гэр, хашаа хороо руу халдаж, нэг хүний амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. 

Амьд үлдсэн 55 настай эмэгтэйн биеийн байдал хүнд, тархины хагалгаанд орох шаардлагатай учраас төв ГССҮТ рүү хүргэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Баавгайд самардуулж хүнд гэмтсэн эмэгтэйн нагац дүүтэй уулзаж нөхцөл байдлыг тодрууллаа. 

Хохирогчийн дүү: "Хохирогч эмэгтэй бол миний нагац эгч. Өнөөдөр өглөө 06.00 цагийн үед надад мэдэгдсэн. Харин ээжид маань 04 цагийн үед мэдэгдсэн байсан. Ерөнхийдөө албаныхан гэхээс илүү эргэн тойрных нь хүмүүс хэлсэн гэсэн. Тухайн орой хадлан тэжээлд нь туслахаар ирсэн эрэгтэй хонож таарсан. Тэр хүний бие гурван хэсэг хуваагдсан байдалтай байсан гэсэн. Биеийнх нь зарим хэсэг олдоогүй. Манай нагац эгчийн биеийн байдал хүнд байгаа. 

Үүрийн 05.00 цагийн үед ГССҮТ-ийн салбар эмнэлэг болох Түлэнхийн төвд хүргэгдэж ирсэн. Эмнэлгийнхэн яаралтай арга хэмжээ аваад амин үзүүлэлтүүд нь тогтворжсон хойно төв эмнэлэг рүүгээ шилжүүлсэн . 

Тухайн үед зугтах боломж ерөөсөө байгаагүй. Зугтаж яваад дуудлага өгсөн гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Эгч маань гэр дотроо ухаангүй олдсон гэсэн. Амиа алдсан эрэгтэй нь гэрээс 100 метрийн зайд олдсон гэсэн. 

Энэ асуудал бол урьдчилан сэргийлж болохоор байсан зүйл. Баавгайн тоо толгойг нь цөөлөх, үргээх, урьдчилан сэргийлсэн бол хүний амь үрэгдэж, эгч минь ийм болохгүй шүү дээ. Баавгай суурьшлын бүс рүү нэвтэрсэн 500 гаруй тохиолдол бүртгэгдээд байна гэж байхад заавал хүний аминд хүрэх хэмжээнд хүргэж байна гэдэг харамсалтай. 

Эгчийн минь хуйхны хэсгийн арьс зулгарчихсан, чамархай, зулай, эрүүний яс нь гэмтсэн, хагалгаагаа хүлээж байна. Гурван газар цөмөрсөн гэмтэлтэй байна гэсэн. Гавал тархины эмч болон эрүү нүүрний мэс заслын эмч нар нь надад мэдээлэл өгсөн.

Хүнтэйгээ биш баавгайтайгаа тулах хэрэгтэй байна. Хүн зугтаад яах юм. 100 км гүйх юм уу. Баавгайг буудаад алчихлаа гэхэд үр дагавар нь яах юм” гэлээ.


Хохирогчийн эгч: “Дүүгийн минь биеийн байдал маш хүнд байна. Эмч нар зургийг нь харуулсан. Гавлын яс цөмөрч, дагз нь хуулраад нүд хальтрам болсон байсан.

Миний дүү мал маллаад тэнд амьдардаг байсан. Монголын төр засаг энэ их баагай орж ирж байгаа асуудлыг яагаад анхаардаггүй юм. Заавал хүнийг ингэж тамалж яадаг байна аа. Хүнд байлгүй яах вэ. Яахаа мэдэхгүй эмч нараа хараад л байж байна.

Дахиад хэдэн хүнд ийм гай зовлон учрахыг мэдэхгүй байна. Олон газар баавгай орж ирсэн гэж дуулдаж байгаа шүү дээ. Яагаад арга хэмжээ авч өгөхгүй байгаа юм бэ. Нэг хүний аминд хүрсэн. Дахиад нэг хүн үхэх үгүй нь мэдэгдэхгүй ийм л байдалтай байна шүү дээ. Шоконд ороод хэлэх зүйл алга" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна