Хэргийн мөрөөр: "Баавгай шөнө дахин суурьшлын бүс рүү орж ирэх магадлалтай"

Х.Есү
1 цаг 39 минутын өмнө

Баавгай айлын гэр рүү дайрч нэг иргэний аминд хүрч, нэгийг нь хүнд бэртээсэн хэрэг олныг сэртхийлгэлээ. Манай сайтын сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжилж байна. Тэнд баавгайн халдлагад өртөж нурсан гэр орон, хашаа хороо, цусны мөр, бүх зүйлс ундуй сундуй байв. 

Хэргийн газар ажиллаж байгаа нийслэлийн Байгаль орчны газрын амьтан, ургамал хамгаалах хэлтсийн дарга О.Тэмүүжингээс бид нөхцөл байдлыг тодрууллаа.

Тэрбээр, “Өнгөрсөн шөнө баавгай суурьшлын бүсэд хүн рүү халдлаа гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Байгаль орчны газрын шуурхай баг тухайн газарт ирж ажилласан. Бид шөнийн 02 цагаас өглөөний 06 цаг хүртэл баавгайг эрэн хайсан.

Үргэлжлүүлэн Нийслэлээс нэмэлтээр дулаан мэдрэгч дрон авчруулж, дөрвөн байршилд 3-5км радиуст хайж байна. Баавгай өдөр биш шөнө идэвхтэй хөдөлгөөнд ордог онцлогтой амьтан. Тиймээс орой болоход дахиад суурьшлын бүс рүү орж ирэх эрсдэлтэй тул мэргэжлийн анчид болон холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Баавгай дайрсан тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа. Шаардлагатай бол тухайн байршлаас хэсэг хугацаанд өөр газар шилжүүлэх арга хэмжээг авна.

Баавгай арваннэгдүгээр сарын сүүлээр ичдэг. Тиймээс иргэд энэ хугацаанд ой руу зорчихгүй байх, ил задгай хог хаяхгүй байх хэрэгтэй.

Нийслэлд наймдугаар сараас хойш баавгай орж ирсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Нийт 28 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 5-6 нь нас бие гүйцсэн баавгай байсан нь батлагдсан. Яг л идэш тэжээлтэй холбоотойгоор суурьшлын бүсүүд рүү орж ирж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна