Нэг удаа хүн барьсан баавгай хүнээс айх айдсаа гээж, давтан үйлдэх магадлал асар өндөр болдог

Х.Батсайхан
1 цаг 24 минутын өмнө

2026 оны арвадугаар сарын 7- 8-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн Бурхантын хошуунд мал маллаж байсан айлын гэр рүү зэрлэг хүрэн баавгай дайрч, нэг хүний аминд хүрэн, нэгийг нь хүндээр шархдуулсан харамсалтай явдал болсон билээ.

Зэрлэг араатан амиа алдсан хохирогчийн биеийг гурван хэсэгт хуваасны нэг нь олдоогүй гэх  мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Бүр тодорхой хэлбэл, уг баавгай хохирогчийн зарим хэсгийг идсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож буй.

Тэгвэл, баавгай нь нэг удаа хүн барьж идсэн бол дахин барих магадлал асар өндөр болдог байна.  

Үүнийг шинжлэх ухаан болон зэрлэг амьтан хамгааллын практикт дараах шалтгаанаар тайлбарладаг аж. Үүнд:

  • Идэш тэжээлийн шинэ эх үүсвэр (Human-eater): Баавгай байгалиас хоол тэжээлээ олж идэхийн тулд маш их энерги зарцуулдаг. Хэрэв хүн рүү халдаж сурвал хүнийг "амархан олдох, эсэргүүцэл үзүүлэх чадвар сул, тэжээллэг идэш" гэж калорийн хувьд кодлон тогтоодог.
  • Айдсаа гээх: Зэрлэг баавгай зөн совингоороо хүнээс айж, дайждаг. Харин хүнийг барьж идсэн баавгай хүнээс айх айдсаа бүрмөсөн гээдэг тул дараагийн удаа хүмүүстэй тааралдахдаа зугтах биш, шууд ангуучлах обьект гэж хардаг.
  • Шийдвэрлэх арга хэмжээ: Тийм ч учраас дэлхийн аль ч улсад (Монгол, Орос, АНУ гэх мэт) хүн барьж идсэн нь тогтоогдсон баавгайг "Нэгэнт хүн идэгч болсон" гэж үзэж, заавал устгалд оруулдаг хууль, журамтай. Түүнийг өөр газар шилжүүлэн нутагшуулах эсвэл зүгээр орхих нь дараагийн хүний амь насыг эрсдэлд оруулна гэж үздэг.

Үүнээс үзэхэд, баавгайн халдлага болсон бүс нутгийн иргэд асар том эрсдэлд орсон бөгөөд нэн даруй олж устгахгүй бол дахин дайрах магадлал өндөр байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна