БАЙР СУУРЬ: Оюутолгойн ногдол ашгаа баялгийн санд төвлөрүүлсэн ч 10 жилийн дараа ашиглана

Х.Есү
1 цаг 5 минутын өмнө

Оюутолгойн ногдол ашиг гэж 3 их наяд төгрөг авах сургаар хэрхэн яаж зарцуулах талаар санал зөрөлдөв. Гэвч энэ нь бүрэн шийдэгдээгүй хэлэлцээрийн түвшинд явж байгаа асуудал юм. Иргэдийн дийлэнх нь дансандаа авахыг хүсэж байгаа бол УИХ-ын гишүүд Баялгийн сандаа төвлөрүүлэх нь чухал хэмээн байр сууриа илэрхийлсээр байна.

Хэрвээ Оюутолгойн ногдол ашиг Баялгийн санд орвол Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, хөгжлийн санд хадгалагдаж иргэд 10 жилийн дараа ашиглах хууль зүйн зохицуулалттай. Бид ногдол ашигтай холбоотой УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурийг нэгтгэн хүргэж байна.

АН-ын дарга О.Цогтгэрэл:  "Оюутолгойн ногдол ашиг хуулиараа Үндэсний баялгийн санд иргэдийн дансанд хуримтлагдах ёстой болохоос биш Ардын намын авлигад идэгдсэн хулгайн мөнгийг нөхөх зориулалтгүй. 

Монголын төр стратегийн ордуудаас төрд ногдох ногдол ашгийг хэрхэн хуримтлуулах, зарцуулах тухай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хоёр жилийн өмнө баталсан билээ. Гэтэл Ерөнхий сайд хуулиа гишгээд, хулгайд нэрвэгдсэн төслүүдэд зарцуулах хууль бус санаачилга гаргаад, олон нийтээс санал асууж эхэлжээ. 

Авлига, үр ашиггүй төслүүдийн төлөөсийг ард түмнээр төлүүлж болохгүй. Иргэдийн хуримтлалд очих мөнгийг төсвийн цоорхой нөхөх хэрэгсэл болгож болохгүй" 

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: "Ирэх оны төсвийн төсөлд Оюутолгойн ногдол ашгаас 3 их наяд төгрөгийг оруулж ирнэ гэдэг төсвийн төсөөллийг Засгийн газраас оруулж ирсэн. Гэсэн хэдий ч олон зүйл тодорхойгүй байна. Үүнийг илүү нягтлах шаардлагатай гэж үзэж байна. 

Оюутолгойн төслөөс Монгол 34 хувийг эзэмшдэг. Бид 2037 онд ногдол ашиг авна гэдэг байсан. Гэтэл өнөөдөр урьдчилгаа авахаар яригдаж байна. 9 их наяд төгрөг тухайн компаниас гарахад ямар дарамт учруулж, ямар өртгөөр ирэх вэ гэдгийг асуух ёстой. Энэ талаар Засгийн газар, Сангийн яамнаас тодорхой хариулт хэлдэггүй. 

Би ногдол ашгийг урьдчилж авахыг огт бурууггаагүй. Гагцхүү Засгийн газар ирээдүйн орлогоосоо өнөөдрийн төсвийн алдагдалтай хэсгээ нөхөхөд зориулж урьдчилж авч байгааг буруу гэж үзэж байна. Төсвийн төсөөлөл дээр баялгийн санд нэг их наяд төгрөгийг орлого гээд оруулаад ирчихсэн байгаа боловч 2027 онд зарлага гээд тодорхойгүй байдлаар оруулж ирсэн байсан. Үүнийг сонгууль угтсан бэлэн мөнгө тараах зүйлийг төлөвлөж, нууцаар хийх гэж байна гэж хардаж байна" 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Эхлээд ногдол ашиг авна гэдгээ бүрэн баталгаажуулах хэрэгтэй. Дараа нь яаж ашиглах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Нэг хэсэг нь ард түмэндээ тараая гэж байна. Нөгөө хэсэг нь бүтээн байгуулалт хийе гэж байна. Би шал өөр байр суурьтай байгаа. 

Биднийг, Монголчуудыг шулаад байгаа өдөрт 15 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа тэр мөнгийг нь төлье гэсэн бодолтой байна. Тэгвэл бидэнд ирэх мөнгө их болно. Бэлэн мөнгө тараадаг байдлыг болих хэрэгтэй" 

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: "Оюутолгойн ногдол ашгийг яагаад төсөвт суулгаж, хуваарилах замаар дэд бүтцийн асуудлуудыг хийх ёстой гэж. Ногдол ашиг гэдэг бол ард түмний шууд хүртэх үр өгөөж байх ёстой. ЭТТ-н ногдол ашгийг шууд авч болдог мөртлөө Оюутолгойн ногдол ашгийг шууд авч болдоггүй юм. 

Арчаагүй төрийн хийгээгүй дэд бүтцийн асуудлыг ард түмний авах ёстой мөнгөөр хийх ёстой юм. Иргэд мөнгөө аваад өнөө маргаашийнхаа асуудлыг шийдэж, өр ширээ дарна уу, хүнсээ авна уу тэдний л асуудал. Харин дэд бүтэц, улс орны чухал бүтээн байгуулалтын салбарын асуудал түүхийгээрээ байна гэдэг бол төр засгийн асуудал. Тиймээс нэг удаагийн хуулийг яаралтай оруулж ирээд, иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах асуудлыг эрэлхийлсэн нь л зөв. Санал өгөх боломжгүй санал асуулга явуулахаа болих хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Ө.Шижир: "Засгийн газраас явуулж буй ногдол ашгийн санал асуулга бол жүжигчилсэн тоглолт. Гуравхан асуулттай, хөтөлж байцаасан шинжтэй санал асуулга байна лээ. Иргэд өнөөдөр ногдол ашгаас авах мөнгөөрөө юугаа хийх нь хэнд ч хамаагүй. Ингэж хоёрын хооронд ажиллаж яах юм бэ. 

Иргэдийн ихэнх нь бэлнээр авъя гэсэн хандлагатай байх шиг байна. Үнийн өсөлт, худалдан авах чадвар орлогоос нь хамаарч байгаа юм”

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: "Би төсвийн урсгал зардлуудыг хэмнэх заалтыг дэмжиж байгаа. Нөгөө талдаа хуулиараа үндэсний Баялгийн сандаа ногдол ашиг ороод явах ёстой. Иргэдээс санал авч байгааг нь дэмжиж байна. Гэхдээ саналд шууд бэлнээр авъя гэсэн санал байхгүй байна лээ. 

Юуны өмнө ногдол ашиг маань баталгаажаагүй байгаа гэдгийг сайн дурьдах ёстой. Хэлэлцээр үргэлжилж байгаа. Иргэдээс санал авч байгаа нь Рио Тинтод шахалт үзүүлж байгаа хэлбэр байх"

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: "Оюутолгойн ногдол ашиг үнэхээр дараа жил хуваарилагдахаар бол сайн хэрэг. Ногдол ашиг Баялгийн сан руу орно. Баялгийн сан дотроо гурав хуваагдаж байгаа шүү дээ. Нөгөөх нь Хуримтлалын сангаар дамжуулж УИХ дээр яригдсан, жагсаалт гарсан онц шаардлагатай мега төслүүдийг санхүүжүүлнэ гэж Их хурал шийддэг зохицуулалттай. 

Хэрвээ энэ ногдол ашгийг иргэдийн данс руу шууд хийдэг больё гэвэл Баялгийн сангийн хуулийг дахин эргэн харж, Их хурлаар ярих асуудал. Одоогоор тэр асуудал хөндөгдөөгүй байгаа учраас тийм гарц байхгүй гэсэн үг. 

Ногдол ашиг гэдэг бол нэг удаагийн орлого. Үүнийг төсөвтэй хутгаж, урсгал зардал руу оруулж болохгүй” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна