Ч.Өнөржаргал: Т.Шинэбаярыг хорьж буй нь хүний халдашгүй эрхийг зөрчиж байна

Х.Есү
1 цаг 3 минутын өмнө

Сэтгүүлч Т.Шинэбаярын өмгөөлөгч Ч.Өнөржаргал УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаа талаараа мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Т.Шинэбаярын холбогдсон хэрэг бол Эрүүгийн хуулийн 23.7 буюу нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байгаа. Энэхүү зүйл анги нь 2015 оны Эрүүгийн хуульд шинээр орсон. Монгол Улсын шүүхээр урьд өмнө шийдэгдсэн шүүхийн практик тогтоогүй байгаа. Ийм нөхцөлд иргэн болон сэтгүүлчид төрийн албан тушаалтанд санал, шүүмжлэлтэй хандах, гаргасан шийдвэрт нь шаардлага тавих үед тухайн албан тушаалтан гомдол гаргаснаар хэнд ч эрүүгийн хэрэг үүсгэх бодит эрсдэл үүсэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд заасан "Заналхийлэх" гэмт хэрэгтэй харьцуулахад, 23.7 дугаар зүйл буюу нийтийн албан тушаалтныг заналхийлсэн үйлдэлд ногдуулах торгууль болон хорих ялын бодлого даруй 10 дахин өндөр байгаа нь хууль тогтоомжийн хувьд оновчгүй, бодит амьдралд нийцэхгүй зохицуулалт болсон гэж үзэж байна. 

Т.Шинэбаярын гар утас, эд зүйлсийг аль хэдийн хураан авч, орон байранд нь үзлэг хийснээс хойш тав гаруй хоног өнгөрч, шаардлагатай ажиллагааг хийх бүрэн боломжтой байхад үргэлжлүүлэн хорьж буй нь хүний халдашгүй эрхийг зөрчиж байна. 

Иймд мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрх, мэтгэлцэх зарчмыг хангахын тулд шүүхийн хяналт, эрх хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг хууль тогтоогчид уламжилж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 2015 оны Эрүүгийн хуулийн уг зүйл заалтыг би боловсруулж оруулсан. Хувь хүнийг заналхийлэх нь хоёр хүний хоорондын асуудал байдаг бол нийтийн албан тушаалтныг заналхийлж, шийдвэр гаргуулахад нөлөөлөх нь нийт олон түмний эрх ашиг, аюулгүй байдалтай холбогддог. 

Асуудлын гол нь уг заалтыг хууль сахиулах байгууллага практикт анх удаа хэрэглэж буй тохиолдол нь энэ болж байгаа тул хууль хэрэглээ, хүний эрхийн талаас нь нарийвчлан шалгах шаардлагатай. Тухайн сэтгүүлч тодорхой шийдвэр гаргуулахаар нийтийн албан тушаалтныг заналхийлсэн үү, нэр хүндэд нь хор уршигтай мэдээлэл задлахаар сүрдүүлсэн үү, эсвэл гэр бүл, ойр дотнынхонд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн үү гэдэг үндэслэлээ хуулийн байгууллага нотолж, нийтэд мэдээлэх үүрэгтэй" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна