Японы 90 кг-ын жүдоч Косүкэ Машияма Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэхүү мэдээлэл гарсны дараа "Бөхийн орон Монгол яагаад гаднаас бөх авах болов" гэдэг шүүмжлэл гарч, спорт сонирхогчид сэтгэл дундуур байцгаасан.
Тэгвэл 90 кг-д үнэхээр бөхгүйдэж, асуудал хүндэрснийг "Баку 2026" ДАШТ харууллаа. Өчигдөр болсон эрэгтэй 90, эмэгтэй 70 кг-ын жинд Монголоос бөх барилдсангүй. Тиймээс бид япон легионерын эрх нээгдэх дөрөвдүгээр сарыг хоног тоолон хүлээхээс өөр аргагүй байдалд байгаа юм байна.
Уншигчдадаа ирэх жилээс Монголын нэрийн өмнөөс барилдах Косүкэ Машиямагийн Японы хэвлэлд өгсөн мэдээллийг хүргэж байна.
Мэдээлэлд Косүкэ Машияма олимп, дэлхийн дэвжээнд дээгүүр өрсөлдөх хүсэл өвөртлөн
Монголын иргэншил авч байгаа бөгөөд олимпын аварга болно гэсэн итгэлтэй байгаагаа
илэрхийлсэн талаар дурджээ.
Тэрбээр шийдвэрийнхээ талаар “Би Монголын иргэншил авч, тэдний төлөөлөл болж
дэлхийн тавцанд өөрийгөө сорихоор шийдсэн. Энэ бол зөвхөн жүдогийн карьер бодож
гаргасан шийдвэр биш. Жүдогийн карьер болон амьдралынхаа үлдсэн хэсгийг бодолцож,
хариуцлагатайгаар гаргасан шийдвэр.
Хэдийгээр надад Монгол үндэс угсаа байхгүй ч оюутан байх үеэсээ үргэлжлүүлсэн холбоо
харилцааны ачаар Монголын жүдогийн холбоо надад шинэ сорилттой тулгарах боломжийг
олгосон. Монголтой холбоотой олон хүмүүстэй уулзаж, тэд асуудалд нухацтай хандсанаар би
“Монголыг төлөөлж дэлхийн шилдэг болох” гэсэн баттай шийдвэр гаргасан.
Би Японд япон эцэг, эхийн гэр бүлд төрж, жүдогоор хүмүүжсэн. Замналынхаа турш
учирсан дасгалжуулагч, багийнхан, дэмжигчидгүйгээр би өнөөдрийн энэ түвшинд хүрэхгүй
байсан. Тийм ч учраас энэ шийдвэр бол японд ургуулсан бүхнээ авч явж, дэлхий ертөнцөд
сорих шийдвэр юм. Би энэ шийдвэрийг гаргах гэж шаналсан, амар байгаагүй.
Гэхдээ одоо би шийдсэн. Өөрт байгаа өгөгдөл, сурсан арга мэхээ ашиглаад дэлхийн оргилд
гарахыг дахин зорино. Би олимп, дэлхийн аварга болно. Тийм ч учраас
би энэ замыг сонгосон. Мэдээж, энэ бүхэн амаргүй, сорилтууд байгаа. Гэсэн ч би сорилтыг даван туулж дэлхийн оргилд зогсох болно. Би Япон, Монгол, дэлхийг холбосон гүүр
болно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна