Н.Номтойбаяр: Аргагүй үед биеэ хамгаалах зорилгоор баавгайг агнаж болно

Х.Есү
1 цаг 0 минутын өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр баавгайтай холбоотой асуудлаар хуралдсан УОК-ийн шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр, "УОК-ын өмнөх хуралдаанаар ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хил, гаалийн байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгөөд байсан.  Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооны алба болон Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс албан ёсны хариу ирүүлсэн. 

Дүгнэлтээр, өвчилсөн иргэдээс коронавируст халдвар Ковид 19-ын хоёр, риновирусийн хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний үүсгэгч илрээгүй болох нь тогтоогдсон байна. 

Тарваган тахлын аюул байхгүй нь тогтоогдсон учраас УОК-оос зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч болзошгүй эрсдэлд бэлэн байх улсын бэлтгэл хангалтгүй байгаа.Бэлэн байдлыг цуцаллаа гээд бүх зүйлээ мартаж, тайвширна гэсэн үг биш. 

Хүрэн баавгай хот, суурин газарт ойртож, иргэдийн аюулгүй байдалд заналхийлж буйтай холбогдуулан Засгийн газрын тогтоол гарсан. Байгаль орчны яам болон Экологийн цагдаагийн албаны мэдээллээр одоогоор баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 557 тохиолдол бүртгэгдэж, зайлшгүй шаардлагаар есөн баавгайг устгалд оруулсан. 

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах, Амьтны тухай хуулийн 7.5, 35.3.3 дахь заалт, Хил хамгаалах тухай хууль болон Эрүүгийн хуулийн 4.1 дэх хэсэгт заасан "Аргагүй хамгаалалт"-ын зохицуулалтыг бодит амьдрал дээр тодорхой болгох үүрэг өгөгдсөн. 

Айл бүрийн гадаа цагдаа, онцгой байдал, байгаль орчны байцаагч ажиллуулах боломжгүй тул иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэх шаардлагатай байна. Өчигдөр баавгайд хүн бариулсан асуудалд УОК-ийн даргын хувьд харамсаж байгаагаа хэлье. Аргагүй үед биеэ хамгаалах зорилгоор баавгайг хөнөөж болно.Засгийн газрын шийдвэрийг далимдуулан өөр байршилд хууль бусаар ан хийх, зөвшөөрөл дамлан худалдах зөрчил гарвал Эрүүгийн хуулиар хатуу хариуцлага тооцно" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна