Ц.Элбэгдоржийн мэдэгдэл ба шинжээчийн дүгнэлт

Zuv.mn
1 цаг 10 минутын өмнө

Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” буюу АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан.

Энэ сонсголыг яагаад зохион байгуулах болсон нь учиртай. Тодруулбал, дэлхийн нөлөө бүхий хүмүүст насанд хүрээгүй охидыг зуучилдаг байсан гэх хэрэгт холбогдож, шоронд амиа тавьсан тэрбумтан Жеффри Эпштейнтэй харилцаа холбоотой байсан хүмүүс, ил болсон баримтууд дунд Монголын асуудлаар харилцсан, 2013-2014 оны хооронд тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржид Оюутолгой болон олон улсын хөрөнгө оруулалтын асуудлаар Зөвлөх баг гаргаж тусалсан зэрэг мэдээллүүд байсан тухай хэвлэлээр хөвөрсөн.  

Түүнийг Ж.Эпштейнтэй холбоотой төдийгүй улс төрийн тодорхой асуудлуудаар зөвлөлддөг байсан гэх. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн нарын захидал, уран зураг, эдлэн газар, ашигт малтмалын орд наймаалахыг санал болгосон захидал, бяцхан монгол охидын тухай яриа цөөнгүй дурдагдсанаас үүдэн УИХ-ын хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулах асуудал хөндөгджээ. 

Сонсгол болсны дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж олон нийтийн сүлжээнд тайлбар хийв. Ингээд сонсголын үеэр хөндөгдсөн баримтыг Ц.Элбэгдоржийн ярьсантай харьцууллаа. 

Шинжээчийн дүгнэлт: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүний гэргий Х.Болормаа нар хүүхдийн асрах байгууллагаа үүсгэн байгуулахаасаа нэг жилийн өмнө буюу 24 хүүхдийг хууль бусаар шилжүүлж авсан байна. Дээрх 24 хүүхдийн дөрөв нь хилээр гарсан, нэг хүүхдийн РД нь УБЕГ болон цагдаагийн бүртгэлд зөрүүтэй, нэг хүүхэд сураггүй алга болсон байна.

Боловсролын яам: 24 хүүхдийн 11 нь бүрэн дунд, 10 нь суурь боловсрол эзэмшсэн байна. Үлдсэн гурав нь насан туршийн суралцахуйн төвд бүртгэгдсэн боловч бүртгэл нь 2017 онд цуцлагдсан. Дээд боловсролын системд таван хүүхэд бүртгэлтэй байгаагаас |тав нь баклаврын түвшинд хамрагдсан, гурав нь одоо суралцаж байна. Мөн Боловсролын зээлийн сангаас гурван хүүхэд "бүтэн өнчин" ангиллаар нийт 29 сая төгрөгийн буцалтгүй тусламж авсан байна. Тус хүүхдүүд 2001-2007 онд төрсөн гэсэн мэдээлэл бий. 

Шинжээч: Бүртгэл оршин суугаа байдлын тухайд, нэг хүүхдийн РД нь УБЕГ болон цагдаагийн бүртгэлд зөрүүтэй, нэг хүүхэд сураггүй алга болсон байна. Монгол охид Эпштейний дэмжлэгээр АНУ руу явах төлөвлөгөөнд багтаж байсан нь, бэлгийн дарамтад өртсөн нь үнэн байна

Ц.Элбэгдорж: Бид 2007 оноос Хүүхэд Асран Хамгаалах Төвтэй хамтарч ажилласан. Болор сан ч тэр үеэр байгуулагдсан. Улмаар тус төвийн цэцэрлэгийн хоёр ангийн хүүхдүүдийг халамжилж, дэмжиж тусалж ажиллах болсон. Хүүхдүүд зусланд гарахад хүртэл манай хүн хувцас хунар, ор дэвсгэрийг нь угааж, хоол ундыг нь хийлцэж хамт байдаг байсан. Хүүхдүүд сургуульд ороход нь ном хэрэглэлийг нь цуглуулж, хүргэж өгч авч, хичээл даалгаварт тусална. Үйл явц гурван жил шахам үргэлжилж, 2010 оноос хүүхдүүдээ бид өөр дээрээ авсан. Тэр үеийн хууль журмын дагуу.

2016 онд төрөөс Хүүхэд хамгааллын тухай шинэ хууль батлагдсан юм. Хүүхэд бүрийг ар гэрт нь нэгтгэх үүргийг тэднийг халамжлан хүмүүжүүлж байгаа гэр бүл, сан байгуулага хүлээж хэрэгжүүлэх болсон. Тэр хууль он дамжин хэрэгжсэн. Манай хүүхдүүд ч төрийн хуулийн дагуу гэр гэртээ харьж, ойр дотныхонтойгоо цуг амьдарцгаах болсон.

Хүүхдийг өсгөж өндийлгөх, хүүхдийг үрчилж өргөж авах бол тус тусдаа, бие даасан харилцаа. Хүн бүр мэднэ. Бид 27 хүүхдээс нэг ч хүүхэд үрчилж аваагүй. Төрөлх овог нэрийг нь солиогүй. Асран хамгаалж, өсөж хүмүүжих, сурч боловсроход нь тэдэнд тусалсан.

Сая уулзахад хэл чимээ хүрсэн 23 хүүхдээс 19 нь ирсэн. Ар гэрт нь  гачигдал гарсан, ээлжийн ажилтай, чөлөө авч чадаагүй, өвдсөн гээд дөрөв нь ирж чадаагүй.

Манай хүүхдүүдээс тав нь цэргийн алба хаасан. Болороо ээж нь захиа бичиж, бүгд холбоотой байсан. Одоогоор найман хүүхэд дээд сургуульд сурч байгаа болон төгссөн. Мөн тооны хүүхэд тусгай мэргэжил эзэмшсэн. Олны жишгээр доод тал нь бүгд дунд боловсролыг дүүргэж, дор бүрнээ ажил хийж, амьдралаа босгох гэж зүтгэж байна. Зарим нь суралцаж, хоёр нь Япон, Солонгост ажиллаж байна. Бусад нь эх орондоо байгаа" гэжээ.

Эндээс 2017 онд Ерөнхийлөгчөөс буухтай зэрэгцээд хүүхдүүд төрхөмдөө буцжээ. Шинжээчийн болон Боловсролын яамны мэдээллээр , 10 хүүхэд бүрэн дунд буюу дунд анги төгссөн, гурав нь насан туршийн суралцахуйн төвд бүртгэгдсэн боловч бүртгэл нь 2017 онд цуцлагдсан гэдэг нь өргөж авсан хүүхдүүддээ хэдий хэр халамж, анхаарал тавьсан нь харагдана. Хүнд боловсрол маш чухал. Боловсролоор дамжуулж, амьдрал, амьжиргаагаа тэтгэнэ, залгуулна. Олох орлого нь ч нэмэгдэнэ. Өөрийн хүүхдээ бүрэн дунд боловсрол эзэмшүүлээд орхилгүй, их, дээд сургууль төгсгөж, хоолны захад хүргэх гэж хүн бүр хичээдэг, мэрийдэг. Хүүхдүүдийг улс төрийн оноо авах хэрэгсэл болгож ашиглаагүй гэх баталгаа алга гэж сонсголын үеэр гишүүд хөндөж байсан санааг нь энд дурдах нь зүйн хэрэг болж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна