УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Төсвийн тодотголыг хэлэлцэх товтой чуулганы хуралдаан ирц хүрэлгүй хэд хоносон. Энэ үеэр таны Азийн наадамд оролцох тамирчдын багийн бүрэлдэхүүнд явсан талаарх мэдээлэл гарсан. УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамт баг ахалж буйг нь зарим иргэн улс төртэй холбон хардсан. Та үүнд тайлбар өгөөч?
Олимпын хорооноос бараг хоёр жилийн өмнө Азийн наадамд багийн ахлагчаар оролцох санал тавьсан юм.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч. Тухайн үед 300 орчим тамирчин оролцож, олон хотод хуваагдан тэмцээнээ хийхээр байсан учраас хоёр багийн ахлагчтай байх шаардлагатай гэж үзсэн. Харин 20-30 тамирчин оролцож байгаа тохиолдолд нэг багийн ахлагчтай байхад асуудалгүй.
Тамирчидтай холбоотой допингийн асуудал, ёс зүйн зөрчил, тамирчдын эсрэг гаргасан гомдол, эсвэл тамирчид өөрсдөө гомдол гаргасан тохиолдолд багийн ахлагч зохион байгуулагч талтай уулзаж, асуудлыг шийдвэрлэхэд оролцдог. Ийм учраас 300 орчим тамирчинтай наадамд хоёр багийн ахлагчтай байх шийдвэрийг хоёр жилийн өмнө гаргасан юм билээ.
Тэр шийдвэрийн хүрээнд би явж, 300 тамирчныхаа амжилтын төлөө зохион байгуулалтын ажлуудыг хийх үүрэг хүлээсэн.
Хоёр жилийн хугацаанд би гадаад томилолтоор 3-4 удаа явсан. Азийн наадам манай улсын төсвөөс шалтгаалаад хойшлогддог зүйл биш. Төсвөө баталсны дараа наадмыг зохион байгуулъя гэж шийддэггүй. Тиймээс би хоёр жилийн өмнө зохион байгуулагч талд нэрээ өгч, үүнтэй холбоотой олон удаагийн хурал, цахим хуралд оролцсон.
Нэгэнт ийм үүрэг хүлээсэн учраас багийн ахлагчийн ажлаа хариуцлагатай хийх ёстой. Хэрэв би тэр ажлаа орхиод явсан бол асуудал үүсэхэд багийн ахлагч нь хариуцлагагүй байна гэсэн шүүмжлэл гарах байсан. Манай тамирчид хөлс хүчээ шавхан тэмцээнд оролцож байхад улстөрчид хариуцлагагүй хандаж байна гэж яригдах байлаа.
Х.Баттулга Ерөнхийлөгч тухайн үед хэрхэн сонгогдсоныг сайн мэдэхгүй.
Азийн наадамд манай тамирчид амжилт арвин ирэв үү?
Азийн наадамд Монгол Улс маш амжилттай оролцож, 15 медаль авсан.
Гэхдээ бидний зайлшгүй анхаарах ёстой зүйл бол биеийн тамир, спорт юм. Спортод хайртай, бие хаа сайтай байснаараа амжилт гаргадаггүй.
Энэ удаа Монгол Улс 31 төрөлд 300 орчим тамирчин оролцуулсан. Зарим төрөлд манай тамирчид Азийн наадамд анх удаа оролцлоо. Гэтэл 31 төрлөөс ердөө 4-5 төрөлд стандартын шаардлага хангасан заал, танхим, техник, тоног төхөөрөмж дээр бэлтгэл хийсэн байсан.
Зарим тамирчин ийм заал, танхим, тоног төхөөрөмжтэй орчинд анх удаа өрсөлдөж байна гэж бодох хэрэгтэй. Ази тив бол дэлхийн хүн амын тал орчим нь амьдардаг асар том өрсөлдөөний орчин. Ийм том өрсөлдөөн дунд Монголын тамирчид анх удаа очиж, шинэ орчинд дасан зохицонгоо амжилт гаргана гэдэг маш хэцүү.
Та спортын амжилтад санхүүжилт, тамирчдын нийгмийн асуудал чухал нөлөөтэй гэж хэллээ. Өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
Манай шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын цалинг хар л даа. Дасгалжуулагч нар гар дээрээ 1.2 сая орчим төгрөг, тамирчид 900 гаруй мянган төгрөгийн цалин авдаг.
Эдгээр хүмүүс өдөрт дөрвөн цаг орчим бэлтгэл хийдэг. Үүний зэрэгцээ заавал амарч, шим тэжээлтэй хоол идэх ёстой. Мөн байнгын бэлтгэлийн улмаас гэмтэл авдаг учраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай. Зарим тохиолдолд гадаадад эмчилгээ хийлгэх хэрэгцээ ч гардаг.
Гэтэл 900 гаруй мянган төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд шахуу орлогоор амьдарч байгаа тамирчдаас тив, дэлхийн аварга болохыг шаардах нь хэцүү.
Тиймээс сая Ерөнхий сайд Н.Учрал Айчи-Нагоягийн наадмын үеэр манай тамирчидтай уулзсан. Энэ үеэр шигшээ багтай холбоотой төсвийг 9 тэрбум төгрөгөөс гурав дахин нэмэгдүүлж, 2027 оны төсөвт 27 тэрбум төгрөгөөр тусгаж байгаагаа зарласан. Мөн 2026 оны төсөвт шигшээ багийн тамирчдын цалинг нэмэгдүүлж, дор хаяж хоёр сая төгрөг болгохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн.
Миний хувьд энэ бол зөв зүйтэй шийдвэр.
Тамирчид өндөр түвшний бэлтгэл хийж байгаа үедээ хажуугаар нь ажил хийгээд амжилт гаргана гэж байхгүй. Бүх амьдралаа спортод зориулж байж амжилт гаргана. Дэлхийн бусад улс оронд ч ийм зарчмаар ажиллаж байна.
Манай хөрш Хятад улс сая Азийн наадмаас хамгийн олон медаль авлаа. Мөн 2024 оны Парисын олимпод АНУ-ын дараа медалийн тоогоор хоёрдугаарт орсон. Тэд хүүхдүүдээ нэгдүгээр ангиас нь эхлэн тусгай сургуулиудад бэлтгэдэг. Тэр сургуулиудын хоол тэжээл хүртэл ялгаатай.
Хүүхдүүдийг багаас нь, насан туршид нь системтэй бэлтгэж байж олимп, тив, дэлхийн аваргуудыг төрүүлдэг. Гэтэл манай шигшээ багийн тамирчид 900 мянган төгрөгийн цалин авч байна. Зарим спортын төрөлд ганцхан тамирчин байгаа бол бусад тамирчин өөрсдийнхөө мөнгийг төлж, тэмцээнд оролцох тохиолдол ч олон.
Гэсэн ч энэ удаагийн наадамд оролцсон бүх тамирчнаараа бахархаж байна. Маш олон залуу тамирчин оролцлоо. Ер нь манай спортын салбарт үе солигдож байна. Хамгийн залуу тамирчид нь 14-15 настай, дөнгөж өсөж хөгжиж байгаа хүүхдүүд байлаа.
Эдгээр тамирчин 2028 оны олимпоос илүүтэйгээр 2032 оны олимпын гол тамирчид болох болов уу. Тэд Азийн наадамд оролцсоноороо өөрийн өрсөлдөгчдийг харж, өөрийгөө сорих чухал боломжтой болсон.
Зарим спортын төрөлд тухайн улс ердөө арван тамирчиндаа жилд 6-7 сая ам.доллар зарцуулж, сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд олон улсын 400 орчим тэмцээн уралдаанд оролцуулсан байхад манайх 40 орчим тэмцээнд оролцсон гэж ярьж байсан. Ийм нөхцөлд 400 тэмцээнд оролцсон тамирчинтай бид яаж өрсөлдөх вэ?
Жишээлбэл, 25 метрийн бассейнд сэлж байгаад 50 метрийнхт очиж амжилт гаргах ямар хэцүүг бодох хэрэгтэй. Тамирчид маань яг ийм хүндрэлтэй тулгарч байгаагаа ярьж байсан.
Энэ бүхэн бидэнд техник, тоног төхөөрөмж, спортын бааз суурь ямар их хэрэгтэй байгааг харуулж байна. Бэлтгэлийн бааз суурийг нь бүрдүүлж өгөөгүй байж тив, дэлхийн хэмжээний амжилт шаардах нь хэцүү.
Манай тамирчдын 15 медаль бол том амжилт. Энэ үеийн тамирчдаас дараагийн олимпын медальтнууд төрнө гэж бодож байна. Гэнэт шинэ хүн гарч ирээд л 2028 оны олимпын медальт тамирчин болчихдоггүй шүү дээ.
Спорт мөнгөгүйгээр хөгжихгүй. Үе шаттай төсвийг нь нэмэх боломж бий юү?
Өнөөдөр спортын салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон. Нөгөө талдаа Монголд олон спортын төрөл шинээр хөгжиж байгаа нь сайшаалтай. Монголчууд нэг үеэ бодвол илүү их гүйдэг болж, олон төрлийн спортоор хичээллэх болсон.
Гэхдээ спорт мөнгөгүйгээр хөгжихгүй. Монгол шиг улсад гадаа гараад жилийн дөрвөн улиралд сагс, хөл бөмбөг тоглож, дугуй унаж, гүйдэг байсан үеэс нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өнөөдөр эдгээр спортод ч бэлтгэлийн бааз суурь шаардлагатай.
Дээрээс нь тамирчдыг дэмжихийн оронд яахаараа медаль авдаггүй юм гэж сошиалаар шүүмжилж байгаа нь хэцүү байна гэж тэд ярьж байсан. Ялангуяа дөнгөж 19-20 настай залуухан тамирчдыг медальгүй ирлээ гэж шүүмжлэх нь сэтгэл санаанд нь хүнд тусдаг.
Зарим тамирчин ийм шүүмжлэлээс болж спортоо орхих тухай хүртэл бодох хэмжээнд хүрч байна. Тийм учраас тамирчдаа сэтгэл санаагаар нь дэмжих хэрэгтэй.
Монголын хамгийн олон медаль авдаг төрлүүдийн нэг нь жүдо, чөлөөт бөх. Эдгээр төрөлд бид 1970-аад оноос хойш медаль авч ирсэн. Харин зарим спортын төрөл манай улсын хувьд шинэ учраас шууд амжилт гаргахгүй байж болно. Гэхдээ энэ нь ирээдүйн медальтнуудыг төрүүлэх суурийг бий болгож байгаа хэрэг.
Төрөөс төсөв, санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Иргэд, олон нийт ч тамирчдаа бүх талаас нь, тэр дундаа сэтгэл санааны хувьд дэмжих нь зүйтэй.
Заримдаа бүр тамирчдадаа сошиал сүлжээ ухахгүй байхыг хүртэл захиж байсан. Ялангуяа залуухан хүүхдүүдийн хувьд медальгүй ирлээ гэх мэт шүүмжлэл сонсох маш хэцүү. Зарим нь бүр спортоо орхих тухай бодох хэмжээнд хүрч байна.
Тийм учраас тамирчдаа шүүмжлэхээс илүүтэйгээр дэмжиж, урам өгөхийг хүсэж байна.
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар E-Mongolia-аар дамжуулан санал асуулга авч эхэлсэн. Гэвч санал болгож буй хувилбаруудыг иргэд бүрэн ойлгоогүй байх шиг байна. Таны хувьд байгалийн баялгаас хүртэх ногдол ашгийг хэрхэн зарцуулах нь зөв гэж үзэж байна вэ?
Баялгийн сангийн тухай хуулиар байгалийн баялгаас орж ирж байгаа ногдол ашгийг хэд хэдэн хэсэгт хуваарилах ёстой.
Нэгдүгээрт, Ирээдүйн өв сан буюу бид ирээдүйдээ зориулж тодорхой хэсгийг нь хадгалах ёстой. Энэ баялгийг бид өөрсдөө бүтээгээгүй. Эх орон маань ийм их байгалийн баялагтай учраас өнөөдөр бүх мөнгийг нь хэрэглээд дуусгаж болохгүй. Ирээдүй хойч үедээ зориулж нэг хэсгийг нь хадгалах шаардлагатай.
Ирээдүйн өв сангийн хууль амжилттай хэрэгжиж байгаа. Олон улсын валютын сан манай улсын зээлжих зэрэглэлийг сайнаар үнэлж байгаа нэг шалтгаан нь улс төрийн нөхцөл байдал ямар байсан ч Ирээдүйн өв сандаа хамаагүй гар хүрэхгүй, хуулиа тууштай хэрэгжүүлж байгаатай холбоотой.
Хоёрдугаарт, Хуримтлалын сан бий. Иргэдийн хувьд байгалийн баялаг их байна гэж ярьдаг ч үр өгөөж нь хаана, хэрхэн хуримтлагдаж байгааг мэдэхгүй, үлдсэн мөнгийг нь улстөрчид, том дарга нар захиран зарцуулаад байна гэсэн ойлголт байдаг.
Үндсэн хуулийн 6.2-т зааснаар иргэн бүр байгалийн баялгийн эзэн байж, үр өгөөжийг нь хүртэх ёстой. Энэ зарчмын хүрээнд Хуримтлалын сангаар дамжуулан иргэн бүрд данс нээж, байгалийн баялгаас орж ирэх ногдол ашгийн тодорхой хувийг тухайн дансанд төвлөрүүлж байгаа юм.
Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр ашиглах ёстой. Бид орж ирж байгаа бүх мөнгөө зөвхөн хадгалах эсвэл иргэдэд тараах байдлаар хуваарилж болохгүй. Эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.
Төмөр замаа барьж чадахгүй, гадаадаас мөнгө гуйгаад, боомтуудаа сайжруулж чадахгүй байж болохгүй. Тиймээс стратегийн чухал хөрөнгө оруулалтуудыг хийхээр хуульчилсан.
Одоо Хуримтлалын санд орох ёстой санхүүжилтийг нэг удаагийн хуулиар улсын төсөвт төвлөрүүлж, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийх санал гаргасан. Үүнтэй холбоотой хуулийн төслийг 2027 оны төсөвтэй хамт өргөн барьсан.
Иргэдийн хувьд энэ асуудалд янз бүрийн байр суурьтай байгаа. Өмнө нь байгалийн баялгийн ногдол ашгийг иргэдэд тараахад сонгуулийн өмнөхөн таарлаа, улстөржлөө гэж шүүмжилж байсан. Мөн мөнгө тарааж байхын оронд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтаа шийдэх хэрэгтэй гэсэн санал ч гарч байсан.
Өнөөдөр зарим иргэнд энэ мөнгө маш хэрэгтэй байна. Өрөнд орсон, өвдсөн, өндөр настай, үр хүүхдүүдэд нь тулгамдсан асуудал байгаа хүмүүс ч бий. Тэд амьдралд тулгамдсан асуудлаа шийдэхийг хүсэж байна.
Энэ удаагийн гол өөрчлөлт нь Хуримтлалын санд орох ёстой санхүүжилтийг улсын төсөвт төвлөрүүлж, боловсрол, эрчим хүчний хөрөнгө оруулалтад зарцуулах санал юм. Засгийн газраас энэ саналыг төсөвтэй хамт оруулж ирсэн.
Гэхдээ миний шүүмжилсэн гол зүйл бол эдийн засгийн тооцоолол юм. Иргэдэд мөнгийг нь өгвөл инфляц өснө, харин төр зарцуулбал инфляц өсөхгүй гэж үзэж байгаа бол үүнийгээ тооцоо судалгаагаар нотлох ёстой.
Ийм тооцоо гарах боломжтой юу?
Өрхийн орлогын 50-60 орчим хувь нь дотоодын худалдан авалтад зарцуулагддаг гэсэн судалгаа бий. Иргэд мах, сүү, гурил зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авдаг. Монголын дундаж өрхийн орлого тийм өндөр биш, наад захын хэрэглээндээ л хүрч байгаа.
Нөгөө талдаа иргэдийн мөнгөний тодорхой хэсэг нь гадаадаас импортолдог бараа бүтээгдэхүүнд зарцуулагддаг. Монголд үйлдвэрлэж чаддаггүй бүтээгдэхүүн ч олон бий.
Харин төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах мөнгөний тодорхой хэсэг нь цалин болж иргэдийн гар дээр очно. Барилга, бүтээн байгуулалтын зардлын 20-30 орчим хувь нь цалин болдог. Үлдсэн хэсэг нь барилгын материал зэрэгт зарцуулагдана. Барилгын материалын ихэнхийг гадаадаас авдаг учраас мөнгөний тодорхой хэсэг гадагшаа урсана.
Гадаад валютын албан нөөц нь ханшийг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй. Тиймээс хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөж, валютын нөөцөд үзүүлэх нөлөөг тооцох шаардлагатай.
Мэдээж эдийн засагт нэн шаардлагатай хөрөнгө оруулалт хийхийг бид буруутгахгүй. Саяхан мега төслүүдийн талаар ярьж байсан. Эрчим хүч хэрэгтэй. Төмөр замтай болсноор эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Боомтууд шинэчлэгдэж, зам, дэд бүтэц сайжрах нь чухал.
Өмнө нь Замын-Үүдээр шороон замаар зорчиход ямар хэцүү байлаа. Харин өнөөдөр олон улсын нисэх онгоцны буудал шиг барилга байгууламжаар зорчиж байна. Энэ бүхэн шаардлагатай хөрөнгө оруулалт юм.
Засгийн газар эдгээр хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаж оруулж ирсэн бөгөөд иргэдээс санал авч, E-Mongolia-аар дамжуулан байр сууриа илэрхийлэх боломж олгож байгаа.
Одоогоор зөвхөн хэлэлцэх эсэхийг дэмжих саналын томьёоллоор санал хураалт явуулж, дэмжсэн. Харин 2027 оны төсвийг өргөн барьсан хэлбэрээр нь үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх, өөрчлөлт оруулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.
Үндсэн хуульд байгалийн баялаг иргэдийн өмч гэж заасан. Тэгэхээр иргэдэд ногдох ёстой ногдол ашгийг төр бүтээн байгуулалтад зарцуулах тохиолдолд тухайн мөнгө эргээд иргэдэд ямар хэлбэрээр, хэрхэн хүртээмжтэй болох вэ?
Гол асуудал нь ерөөсөө энэ юм.
Миний хувьд зарим иргэн боловсрол, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг дэмжиж байж болно гэж бодож байна. Тийм хүмүүсийн хувьд энэ удаа бидэнд мөнгөө зээлүүлээч, тодорхой жилийн дараа хүүтэй нь буцааж өгье гэсэн хувилбар байж болно.
Эсвэл иргэдийг хувьцаа эзэмшигч болгож болно. Тухайлбал, Тавантолгойд эзэмшдэг хувийг нь нэмэгдүүлэх, эсвэл тухайн мөнгөөр баригдах эрчим хүчний станцын хувьцаа эзэмшигч болгох зэрэг хувилбар байж болох юм.
Өмнө нь ногдол ашиг тараахад олон хүн хоёрын хооронд мөнгө тарааж байхын оронд хэрэгтэй зүйлдээ зарцуулах хэрэгтэй гэж шүүмжилж байсан. Тэгэхээр иргэд өөр өөр үзэл бодолтой байх нь ойлгомжтой.
Жишээлбэл, хүүхдийн мөнгөний хувьд нийт хүүхдийн бараг гуравны нэгийнх нь мөнгө банкны хадгаламжид ордог. Зарим хүн хүүхдийн мөнгөө шууд хэрэглээндээ зарцуулж, өрөө дардаг. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлд ийм хэрэгцээ байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хүүхдийн мөнгөний гуравны нэг орчим нь хадгаламжид ордог гэдэг нь зарим хүн хуримтлал үүсгэж байгааг харуулж байна.
Миний хувьд Засгийн газраас иргэдэд сонголт өгсөн бол илүү зөв байх байсан болов уу гэж бодож байгаа юм. Шууд бэлнээр нь өгч, дансаараа авах боломжийг нь олгох хэрэгтэй. Өнөөдөр нийгэмд амьдралын хүндрэлтэй асуудалтай хүмүүс олон байна. Тиймээс мөнгөө шууд дансаараа авъя гэсэн иргэд ч олон байгаа.
Гэтэл санал асуулгад мөнгийг дансаар авах сонголт байхгүй байна гэдэг асуудал гарч ирээд байгаа шүү дээ.
Баялгийн сангийн тухай хуулиар хуримтлалын дансанд төвлөрсөн мөнгийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээнд, тухайлбал, ипотекийн зээлд хамрагдахад ашиглаж болно гэж заасан.
Залуу хүмүүс боловсролдоо зарцуулахыг хүсэж болно. Дөнгөж өрх гэр болж байгаа хүмүүс орон сууцанд орохыг хүсэж болно. Харин өндөр настай хүмүүсийн хувьд боловсрол, орон сууцнаас илүүтэй эрүүл мэнддээ зарцуулах хэрэгцээтэй байж болно. Энэ нь хүний суурь гурван хэрэгцээг харгалзан үзсэн зохицуулалт юм.
Гэхдээ энэ мөнгийг ашиглах хугацаатай холбоотой зохицуулалт бий. Та бүхэн Legalinfo-оос холбогдох журмыг харж болно. Сая Засгийн газрын сайд нараас асуухад 2030 он хүртэл авч ашиглаж болохгүй гэж хуульчилсан, журамласан юм байна лээ.
Тэгэхээр энэ мөнгө тухайн иргэний дансанд орох боловч 2030 он хүртэл авч зарцуулж болохгүй гэж өмнөх Засгийн газрын үед шийдвэрлэсэн юм байна гэж би ойлгосон.
Ярилцсанд баярлалаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна