Манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК ашигтай бус алдагдалтай ажиллаж ирснийг Аудитын байгууллага дүгнэжээ. Олон зуун хүнийг ажлын байраар хангаж, гадаад, дотоод нислэг үйлдэж, онгоц, шатахуун тос, засвар үйлчилгээ гээд нарийн чимхлүүр ажил ихтэй алба ч танил талдаа тендер өгч, дарга удирдлагууд нь төрийн өмчит компанийг ашигтай бус алдагдалтай ажиллуулж буй нь анхаарлын гадуур өнгөрч боломгүй байна.
Тус компани “Үйл ажиллагааны үндсэн чиглэлдээ нийцүүлэн хууль тогтоомжоор хориглоогүй, орлого, ашгаа нэмэгдүүлэхэд чиглэсэн бизнесийн бусад үйл ажиллагааг эрхэлж болно” гэж тодорхойлжээ. Энэ ажлуудад нь санхүүгийн зөрчил хэдэн арваараа илэрсэн байна. Үүнээс гадна тус компанийн нислэгт хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" компанид сар бүр 200-900 гаруй сая төгрөг шилжүүлжээ.
"Үлэмж Эс Жи катеринг" компани 2011 онд байгуулагдсан, хоол үйлдвэрлэл, катеринг үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр ажилладаг гэж зөвшөөрлөө авчээ. Түүнээс хойш үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлсээр өдгөө төрийн байгууллагуудыг төрийн өмчийн компаниудтай нь хангах хэмжээнд томорсон байна.
Улсын бүртгэлийн мэдээллээр Нямсэдийн Булган эцсийн өмчлөгч байна. Тэрбээр 2022 оноос эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд өмнө нь Баяраагийн Цэрэннадмид, Арилдийрагчаагийн Отгонсайхан нарын өмчлөлд байжээ.
Нислэгийн зорчигчдын хоол, эмнэлгийн эмчилгээний болон ажилтнуудын хоол үйлдвэрлэх чиглэлээр голлож ажиллаж иржээ. Ингэхдээ төрийн өмчит компани, эмнэлгүүдэд өндөр дүнтэй тендерүүд авч, хоол нийлүүлдэг байна.
Тодруулбал, 2025 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчилгээний болон тусламж үйлчилгээний хоол үйлдвэрлэх тендерт оролцож, шалгарчээ. Зөвхөн 2025 оны нэг багцын төсөвт өртөг 2.3 тэрбум төгрөг байснаас 401.5 сая төгрөгийн санал өгч, шалгарсан мэдээлэл байна. Ингэхдээ тус эмнэлэг түрээсийн гэрээ байгуулалгүй, талбайгаа төлбөргүй ашиглуулж, 51.84 сая төгрөг нөхөн төлүүлэх аудитын дүгнэлт гарч байж.
МИАТ компанид он гарсаар "Үлэмж Эс Жи Жи катеринг" мөнгө шилжүүлсэн зарлагын баримтыг дор сийрүүлэв.










"Үлэмж Эс Жи Жи катеринг" эцсийн өмчлөгч Нямсэдийн Булган мөн "Юу Эн И Кью" компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани жимс, ундааны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгүүлжээ.
Үргэлжлэл бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна