Шүлэг "Тэр эмэгтэйд би хайртай" гэх мөрөөр эхлэсэн нь эр эмийн хайр дурлалын сэдэл өгчээ

2017/02/01

Олон хүн надаас "Болор цом" -ын тухай сэтгэдэл асуулаа. Би энэ уралдаан тэмцээнийг үзэлгүй 15 жил болжээ. Учир нь яруу найргийг хүндлээд тэр. Оюун бодол зүрх сэтгэлийн хөг аялгууг ерөөс өрсөлдүүлэх боломгүй зүйл. Энэ бол миний бодол. Наадмын тухай ингээд орхиё.

Харин энэ жилийн түрүүлсэн гэх шүлэг нэлээн эгдүүцэл нийтэд авчирчээ. Эгдүүцэх нь ч бас аргагүй юм. Монгол сэтгэлгээнд "Тэр эмэгтэй" гэж ээжийгээ нэрлэх буухгүй. Шүлэг "Тэр эмэгтэйд би хайртай" гэх мөрөөр эхлэсэн нь эр эмийн хайр дурлалын сэдэл өгч, тэр мэтчилэн цаашилсаар эцэстээ "Тэр эмэгтэйг ээж гэдэг" гэж төгсгөсөн нь олныг айлгажээ.

Шекспирын "Макбет" -т жүжигт гардаг хэсгийг барууны шүүмж судлаачид "эхдээ тачаах" үзэгдэл гэж тайлбарласан байдаг. Энэ жүжиг бүхэлдээ муу ёр, ад дон, хараал, далд ёрлолыг тухай л даа. Муу ёр, элдэв хорлол төсөөлшгүй муу муухайг гаргадаг. Энэ бүхнийг Шекспир илчилдэг. Тэгээд ч барууны ертөнц өөрөө эвгүй. Элдэв гаж дон, хачин жигтэйгээр дүүрэн "Муу ёр гардаг газар". Энэ нь уран зохиолд нь тусгалаа их олдог. Жишээлбэл "Инээмтгий хүн" романд вааранд хүүхэд хийж тэжээгээд ваараа цохиод вааран хэлбэртэй хүүхэд болгож мөнгө олдог гэдгийг анх уншаад би үхтлээ айж, шөнөжин хар дарж зүүдэлж билээ.

Харин Монгол хүнд, тэр тусмаа Монголын яруу найрагт ийм ёр гарахыг цөвүүн цаг дэнджээ л гэж айх.., Үгүй байх аа! "Болор цом"-ын эзэнг зөн совин бус бусдыг сэтгэлгээнд автсан эсвэл бусдыг дуурайх хүсэлд хөтлөгдсөн байгаасай гэж залбирч байна.

Монголын яруу найраг шидэт үгсийн яруу зохист явдалтай, соён гэгээрүүлэх дээд үйлсийн чанартай. 

Монголын яруу найраг шид бүтээлийг төрүүлдэгээрээ дэлхийд тэнцэшгүй гайхамшигтай. Дурдваас Равжаа хутагтын "Үлэмжийн чанар" гэе. Гэгээрүүлэх чанартай гээд Нямсүрэн найрагчийн "Амитаба" -г нэрлэе. Энэчилэн Монголын яруу найраг "хүн төрөлхтөн"-д өвлүүлэх өндөр дээд өв хөрөнгөтэй.

Гадаадын ном зохиолыг шүтэх гэхээсээ өөрсдөө буй үнэхээр шүншигтэй бүтээлд зүгээр л мөргө. Мүраками гээд л бүүр сүнсээ өгсөн улс байх, түүний зохиол бүхэлдээ завсар зуурдаас татлагын шинжтэй, амиа егүүтгэхэд уриалсан тийм л билиггүй зохиол. Энэ мэтчилэн бид өрний сэтгэлгээнд автснаас болж байх шиг байна даа. Зарим нь яруу найргаа бичихгүй зодог тайлсан гэх. Энэ ч дорны сэтгэлгээ бус. Залуу насаар сэтгэл барагдаж дуусахгүй. Өндөр нас зооглох тусмаа л үнэ цэнэтэй үгсийг бүтээдэг өвөг дээдсийн явдал бий дээ бидэнд. Тэрчилэн өндөр дээд ертөнцөд Янжинлхам бурхан маань пийбаа хөгжмөө бариад яруу үгсээ зохиогоод сууж байгаа гэж би итгэдэг. Өөдөө морилсон яруу найрагчид маань мөн тэнгэрийн орондоо шүлгээ тэрлээд л байж байгаа даа гэж би боддог." Яруу найраг бол өнө мөнхийнх гэх билиг билгүүн Монгол түмнийх.

Монгол оронг "Мэргэд гарах орон" гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм шүү. 

Монгол хүний сэтгэлгээ, зөн билиг, билиг билгүүн бол ангид. 

Монголын яруу найраг дээрхийн ертөнцтэй барилдлагатай юм шүү дээ. Тийм дээ ч Янжинлхам бурхандаа сэржим өргөж суудаг биз дээ бид. Яруу найрагчид минь!

Зохиолч Б.Батрэгзэдмаа



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна