"LUMINO" хамтлагийн "THE ONE" бие даасан тоглолт VIII.16-нд SOCIALPAY PARK-т болно

Zuv.mn
7 цаг 12 минутын өмнө

Монголын хип хоп урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг "Люмино" хамтлаг энэ сарын 16-ны өдөр SOCIALPAY PARK-т "THE ONE" хэмээх нэртэй бие даасан томоохон тоглолтыг зохион байгуулах гэж байна. Цар хүрээ, агуулгын хувьд асар өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байгаа уг тоглолт нь зочин артистгүй байна гэдгээрээ бусад хамтлагийн тоглолтуудаас ялгаатай бөгөөд хамтлаг дангаараа бүхэл өдрийн турш  үе үеийн хамгийн хит дуунуудаа үзэгчдэдээ хүргэх бүрэн хэмжээний амьд тоглолт гэдгээрээ онцлогтой байх юм.

"Люмино" хамтлаг 1998 онд байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл 27 жилийн турш урлагтаа үнэнч байж, уран бүтээлээ тасралтгүй, идэвхтэй туурвин, сонсогчидтойгоо үргэлж ойр байсаар ирсэн билээ. Тэр ч утгаараа Монгол улсад хип хоп урсгалыг хөгжүүлэх, олон нийтэд таниулахад хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлагийн нэг юм. 


Анхны ХИТ дуунууддаа хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хип хоп уран бүтээл, уран бүтээлчдийг сонсдог болоход нөлөөлсөн гэж үздэг. 1999, 2000-аад онд хийж байсан дууны дугаралтууд өнөөдөр ч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг юм.

"THE ONE" тоглолтод нийтдээ 45 дуу дуулагдах бөгөөд "ЛЮМИНО"-гийнхон маань амьд хөгжмийн хамтлагтай бэлтгэлээ хийгээд эхэлжээ.

Мэдээж үнэнч сонсогчдодоо зориулан гэнэтийн бэлгүүд бэлдсэн нь тун удахгүй  нэг, нэгээрээ задрах юм байна.

27 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн бүх цаг үед хамт байсан сонсогчдоо VIII сарын 16-нд болох THE ONE тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна