​20-иод насанд чинь амжилтанд хүргэх 20 дадал зуршил

21 цаг 47 минутын өмнө
Хүмүүс ихэвчлэн 30 насандаа онилсон амжилтандаа хүрсэн байдаг. Гэхдээ чи яагаад бусдыг гайхшруулж болохгүй гэж? 30 наснаасаа өмнө карьерынхаа хувьд олон шат ахичихсан байхын тулд, үүнийг бий болгох шийдвэрээ эртнээс гаргаж, өөрийгөө эртнээс шахахад л хангалттай. Тэгвэл ихэнх хүмүүсийн туулдаг “жинхэнэ хүссэн зүйлээ хийж эхлэхээс өмнөх дэмий оршил хэсэг”-т цагаа барах хэрэггүй болно.

20-иод насанд чинь амжилтанд хүргэх 20 дадал зуршил
 
20 –иод нас бол маш чухал бөгөөд ширүүн нас. Сургуулиа төгсөөд ажил хайх, анх удаа тусдаа гарч амьдрах, татвар төлж, хамаг зардлаа өөрөө дааж эхлэх гээд “насанд хүрэх”-ийн сайн муутай нүүр тулах үе юм. Гэхдээ стрессээс илүү эрх чөлөөг нь харж чадвал энэ бол өөрийнхөө ирээдүйн өмнө хариуцлага хүлээж, өөрийнхөө хүсэл тэмүүллийг олох түүхэн мөчүүдээр дүүрэн насууд мөн. Одоо бол чиний амьдралаа гартаа атгаж, хорвоог танин мэдэж, боломжийг хүлээх биш үүсгэх цаг. Энэ чухал 10 жилийг чадах чинээгээрээ ашиглахын тулд чи юу хийх ёстой вэ?

1. Зохион байгуулалттай бай
Анхны ажлаасаа л эхлэн зохион байгуулалтын амтанд орж, түүнийгээ битгий алд! Анхнаасаа яс зохион байгуулалттай байвал дараа нь өөртөө нэгэнт тогтсон замбараагүй ажиллах зуршлыг эвдэх гэж зовох шаардлага гарахгүй. Анхны ажлаасаа эхлээд л бичиг баримтуудаа шургуулга бүрт ялгаж хийх, өдөр тутмын ажлуудаа байнга жагсааж, болж өгвөл долоо хоногоор нь төлөвлөж, сануулга, шар хуудас зэргийг ашиглаж зохион байгуулалтын шалгарсан аргуудыг хэрэглээд сурчихвал амар. Заавал буруу төлөвлөлтөөсөө болж нэг том ажлыг нурааж байж, алдаанаасаа суралцахаа хүлээх хэрэггүй шүү дээ. Аль болох анхнаасаа дадал зуршилтай л байхын тулд хичээ.

2. Амралтын өдрүүдээр ч ажилла
Залуу насаа ханатал нь эдлэхийн тулд ажлаас мултрангуутаа л амармаар, өөртөө цаг гаргамаар санагддаг байх. Гэхдээ нэгт, хэрвээ чи дуртай ажлаа хийдэг бол “ажлаас мултрах”, “ажлаас салж амрах” зэрэг үг аманд чинь хэзээ ч орохгүй. Хоёрт, жирийн хүмүүс шиг л ажиллаад байвал чи жирийн хүмүүс шиг л амьдрах болно. Онцгой байхын тулд онцгой их хичээл зүтгэл хэрэгтэй. Ямар ч мундаг хүний хувийн намтар, түүхийг уншихад нойр хоолоо хасан ажилласан тэр л залуу насны гал эрмэлзэлтэй үе нь хойшдын ирээдүйнх нь гол суурийг тавьсан байдаг. Зовохгүйгээр ирэх шагнал гэж хаа ч байхгүй. Амралтын өдрүүдээр өдөр тутмын тогтмол ажлаасаа илүү гарч, хийж байгаа зүйлээ сайжруулах, дараагийн шатанд нь аваачихтай холбоотой ажилд бага ч боловч цаг зарцуулж бай. Мөн өмнөх долоо хоногт ажлаасаа сурсан зүйл, дараагийн удаа давтахгүй алдаа зэргээ тэмдэглэж ч болно. Ингэснээр долоо хоног бүр чиний хувьд шинээр эхэлнэ. Гэхдээ ажил, гэр бүлийнхээ тэнцвэрийг хэт алдагдуулж болохгүй шүү.

3. Өдөр бүр инээмсэглэ
Өдөр бүр инээмсэглэх нь амьдрах насыг уртасгадаг талаар бид олон сонсож байсан. Гэхдээ үүнээс гадна байнгын инээмсэглэл чамайг эргэн тойрныхондоо өөртөө итгэлтэй, амжилттай амьдардаг хүн гэдгийг харуулдаг. ХАС банкны үүсгэн байгуулагч Ч.Ганхуягийн нээлттэй ярилцлаган дээр сууж байхад тэрээр яриан дундаа ийм нэгэн жишээ дурдаж байж билээ. “Цоорхой халаас, уранхай хувцастай, дээрээс нь урвайгаад явж байгаа хүнийг хараад энэ хүн үнэхээр их зовж байна даа гэж хүмүүс таамаглана. Тийм хүнтэй хэн ч ажил ярихыг хүсэхгүй. Харин цоорхой халаас, уранхай хувцастай мөртлөө инээгээд явж байгаа хүнийг хараад аягүй бол ийм хувцас моодонд орсон юм байна даа гэж боддог. Тийм хүнтэй хэн ч ажил ярьж чадна” гэсэн юм.

Инээмсэглэснээрээ чи бусдыг өөртэйгөө харилцахад илүү хялбар, дөхөм болгоно. Ямар ч ажил хэргийн уулзалтанд ийм нээлттэй царай чинь аливааг арав дахин хөнгөвчлөх болно. Инээгээд л байвал хүмүүс чамд ямар нэг сайхан санаа байгаа гэж, эсвэл чамайг үүний гарцыг аль хэдийнэ олоод харчихжээ гэж итгэн, үүрэг хариуцлага хүлээлгэж, урт удаан хугацаанд хамтран ажилладаг юм шүү.

4. Зорилгуудаа байнга эргэж хар
Жижиг байхдаа хүн хэнээр ч хэлүүлэлгүй өөрөө томрохоор зүтгэдэг. Харин нэр хүнд өсч, илүү өндөр хариуцлага, албан тушаалтай болоод ирмэгц өөрийнхөө хөгжилд цаг зарцуулахад, мөрөөдлөө үргэлж эргэн санахад хэцүү болчихдог. Ямар ч тохиолдолд амбицаа хараанаасаа салгуузай! Үйл явц, өсч яваа үе шатынхаа тэмдэглэлийг хийж, үргэлж зорилгоо эргэн уншиж, өөртөө сануулж байх хэрэгтэй. Нэг мэдэхэд л шал өөр зам луу орчихсон явах нь бий. Зорилгуудаа бүгдийг нь нэг газар бөөгнүүлж бичээд, тэрийгээ үе үе ахин уншиж, алинд нь дөхөж байгаагаа харж байгаарай.

5. Үргэлж хөдөлгөөнтэй, эрүүл бай
Сул биетэй бол юун тэр амжилтанд хүрэх! Хүссэн бүхнээ ханцуйгаа шамлаад хийх эрч хүчтэй байхын тулд зөв хоол идэж, нойроо сайн авч, дархлаагаа хадгалж, хөдөлгөөнтэй байх дадал зуршлыг ч өөртөө суулгах хэрэгтэй. Интернэт, сонин сэтгүүлүүдэд санаа авах олон зөвлөгөө байгаа ч яг өөрийнхөө хэмнэлд тохирсон замыг сонгоход л болно. Ямар ч зам сонгохгүй амьдарч л болохгүй.

6. Сайжруулах арга замыг асуу
Чиний гүйцэтгэлийн талаар хамгийн сайн ойлголттой хүмүүс бол хамтран ажиллагчид чинь. Ажлынхан, удирдлагаасаа өөрийнхөө ажлын үр дүн, түүнээс төрсөн сэтгэгдлийн талаар тогтмол асууж, яаж сайжруулж болох арга замыг эрэлхийл. “Яавал илүү сайн болох юм шиг санагдаж байна?” гэж эелдгээр асуухад татгалзах хүн байхгүй. Хүн гэдэг өөрөөсөө болон бие биенээсээ л суралцаж дэвшдэг амьтан шүү дээ.

7. Давхар төсөл эхлүүл
20-иод настай, ганц бие байхад цаг зав их гардаг. Чиний хувьд өдөр бүр л завгүй өнгөрч байгаа юм шиг санагдаж байгаа байх. Гэхдээ чи 30 дөхөөд, гэр бүлтэй болоод ирэхээрээ одооноосоо ч завгүй болно гэж тооцоорой. Тиймээс цаг хугацаа, энерги, бүтээлч байдлын нөөцөө их байгаа дээр нь ажлынхаа хажуугаар, өөрийнхөө хийхийг хүсдэг төслийг эхлүүл. Тэр төслөө ажилтайгаа уясан ч болно. Чиний 20-29 нас утга учиртай бөгөөд ямар ч чөлөө завгүй өнгөрөх тусмаа л сайн.

8. Оройны мэдээг тогтмол үз
Эсвэл бүх шаардлагатай мэдээллийн хэрэгслүүдийнхээ facebook хуудас дээр лайк дарж, болж өнгөрч байгаа үйл явдлуудад мэдээтэй бай. Мөн хааяа сонирхдгоосоо өөр төрлийн ном, өөр төрлийн мэдээ, нийтлэлүүдийг уншаад үзээрэй. Сонирхлоо өргөжүүлж, мэдээлэл сайтай байхад буруудах зүйлгүй.

9. Хэт хүндээр бүү тусгаж ав
Залуу байхад ахмад хүмүүс, удирдлагууд чамайг үнэлэхгүй байгаа юм шиг санагдах нь сэтгэлд их хүндээр тусдаг. Мэдээж өөрийгөө харуулах нь чухал ч, гологдсон мөч бүрээ хэт хүндээр тусгаж авбал ажлаасаа авах хамаг таашаал, хөгжилтэй байдлаа үгүй хийх болно. Тэглээ ч одоо л алдахгүй юм бол өөр хэзээ алдах вэ дээ? Халтирсан ч инээж босч ирээд байвал хүмүүс харин ч чиний өөдрөг байдлыг үнэлж, чамаас эрч хүч авна.

10. Сэтгэл догдлуулж байгаа сэдвээрээ статус бич
Цаг гаргаж чадна гэж үзвэл блог хөтөлсөн ч болно. Өөрийнхөө үзэл бодол, туршлагын талаар бусадтай хуваалцах нь чамайг түүндээ илүү итгэл үнэмшилтэйгээр амьдарч, зорилгодоо зогсолтгүй зүтгэхэд том дэмжлэг болно. Мөн өөртэйгөө ижил бодолтой хүмүүсийг олж, танилцахад ч тустай.

11. Амжилттай яваа хүмүүстэй уулз
Яг энэ насандаа л өөрийгөө урам зоригийн эрчим хүчээр таслахгүй байх хэрэгтэй. Хүн яахаараа хамгийн их зоригжож, урамшдаг гээч? Мундаг, биширмээр хүмүүстэй уулзахаараа. Хэрвээ Facebook-т чиний мөрөөдлийн ажлыг хийж яваа эсвэл чиний мөрөөдлийг аль хэдийнэ биелүүлсэн нэгэнтэй найзууд болж таарвал түүн лүү эргэлзэлгүй мессеж бич. Өөрийнхөө санаа бодлын тухай хэлж, туршлагаасаа хуваалцахыг хүс. Өөрийгөө тэдэнтэй уулзах дайны хүн биш гэж битгий голоорой. Хүмүүс илүү чадварлаг, ухаантай болох тусмаа бусдад туршлагаасаа түгээх дуртай болдог. Цаг зав гаргахыг хүсэх нь л чухал.

12. Тэмдэглэл хөтлө
Залуу хүн завгүй байх шиг сайхан зүйл үгүй. Гэхдээ чамайг цаг нартай урд хойноо орон хөөцөлдөж байхад нэг л мэдэхэд төрсөн өдрийн лаа чинь нэг нэгээр нэмэгдсээр чи хөгширсөн байх болно. Тэмдэглэл хөтлөх нь чамайг өөрийнхөө оюун санааг нэгэн чигтээ барьж, хувь хүнийхээ хувьд өөрөө өөрийнхөө туршлагаас тогтмол суралцаж, магадгүй анзааралгүй өнгөрүүлсэн амьдралын сургамжуудыг шүүрээд тусгаж авахад хэрэг болно. Мөн жил жилийн өмнөх тэмдэглэлүүдээ уншсанаар нүдэнд үзэгдэхгүй ч ямар их өсөн дэвшиж байгаагаа чи харах болно. Өдөр бүр 1 өгүүлбэр бичсэн ч, эргээд уншихад үнэхээр чухал үг дунд нь явж байхыг чи олж харна.

13. Сар бүр 1 ном
Унших нь стрессийг бууруулж, өдөр бүрийн ажлууддаа анхаарлаа төвлөрүүлэх чадварыг сайжруулдаг гэдэг нь нэгэнт батлагдсан. 20-иод насаа дуусахаас өмнө сард ядаж л нэг шинэ ном унших зорилтыг өмнөө тавьж занш. Төрөл бүрийн жанр, зохиолчдыг туршиж үзээрэй.

14. Нийгэмдээ эргүүлэн өг
Карьерийн зорилго агуулалгүйгээр шүү. Өөрийнхөө хүрч чадах хэсэгт өгч чадах зүйлээ зориулсаар байх нь маш чухал. Наад зах нь гэхэд энэ нь чиний стрессийн хэмжээг бууруулж, амьдралыг харах өнцгөө тэлэхэд тусална. Цаад зах нь гэвэл бид нийгмийнхээ өгч буй үр шимийг хангалттай хүртэж байгаа учраас үүний нэгэн эд эс болсныхоо үүргийг биелүүлж, “цөвүүн цаг”-ийг “цагаан” болгоход өөрийнхөө хувь нэмрийг оруулах л ёстой. Сайн дурын ажил олон төрөлтэй. Орцныхоо өмнөх цасыг шүүрдэхээс өгсүүлээд, хотын захын сургуулийн хүүхдүүдэд хичээл заах эсвэл хийж байгаа ажлаараа дамжуулан нийгэмд тустай зүйл хийх гээд янз бүр. Өөртөө хамгийн утга учиртай санагдсан, таалагдсаныг нь л сонгож хийхэд болно. Тэгвэл чиний сэтгэл санаа ч үргэлж өөдрөг, гэгээлэг байх болно.

15. Томоохон зүйлийг бүтээснийхээ төлөө өөрийгөө урамшуул
Маш том төсөл, ажлыг бий болгохын тулд чи өөрийнхөө алт шиг цаг хугацаа, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан. Тиймээс үүнийхээ төлөө зүгээр л нэг to-do list-ээ чагтлаад орхих хангалтгүй шүү дээ. Чи маш сайн ажилласан! Өөрийгөө шагнаж кино үз, дуртай ресторандаа хоол ид, ядаргаагаа тайлахын тулд нэг өдөржин унт. Завсраар нь өөрийгөө урамшуулж байхгүй бол чи эцэс сүүлдээ яах гэж ажиллаад байгаагаа мартаж, том зорилгоо санах ч тэнхэлгүй болж магадгүй.

16. Ментортой бол
Чиний амьдрал, үзэл бодолд том нөлөө үзүүлдэг, хүндэлж хайрладаг нэгэн бий юу? Арван жилийн багш, хамаатны эгч, захирал гээд хэн ч байж болно. Тийм хүмүүсээс сурах зүйл дундаршгүй их байдаг. Ямар нэг чухал шийд гаргахын өмнө эсвэл хэдхээн урмын үг шаардлагатай үед тэдэнтэй уулзахад л болно. Нэг юм уу хэд хэдэн ментортой болоод тэднийг тогтмол кофенд урьж, байнгын харилцаа холбоотой байгаарай. (Mentor – Хувь хүний хөгжлийн зөвлөх, дасгалжуулагч. Чамаас илүү туршлагатай, мэдлэгтэй бөгөөд тулгарсан асуудлуудад шийдэл олоход тусалж чадах хүнийг хэлнэ.)

17. Ментийтэй бол
Дээрхийн адилаар, чи өөрөө ч бас хэн нэгнийг “далбаан доороо” авч болно. Чиний мэдэх хэн нэгэнд ментор хэрэгтэй байгаа бол тэднийг өдрийн хоолоор дайлангаа ярилцаад үзээрэй. Сурагч дүү, шинэ ажилтан, найз нөхөд гээд хэнийг ч ментий болгож болно. Бусдад эерэг нөлөө үзүүлэх боломжийг бүү алд. Ер нь амжилт руу зогсолтгүй тэмүүлэхийн чинь жинхэнэ утга учир өөрөө энэ биш гэж үү? (Mentee – Менторын “дасгалжуулалт”-нд хамрагдаж буй хүнийг хэлнэ.)

18. Аяллаар яв
Хотынхоо нөгөө захаар алхах, дэлхийн нөгөө туйлд зочлохын аль нь ч байж болно. Зүгээр л очиж үзээгүй газраа очих нь өөрөө аялал юм. Холын автобус, жигүүрт онгоцны аль нэгэнд суугаад хорвоотой танилцах цагийг өөртөө гарга. Үнэндээ, тийм ч их мөнгө шаардлагагүй байдаг гэдгийг санаарай.

19. Суралцахаа бүү зогсоо
Чиний мэдлэг бол чиний хүч чадал. Сурч боловсрох үйлийг хаа явсан газраа үргэлжлүүлж, тархиа хурцал. Youtube, Coursera, Duolingo зэрэг үнэгүй онлайн хичээлүүдтэй вебсайт ч олон бий. Суралцаж л байвал тархи чинь сэргэг, залуу хэвээрээ байх болно.

20. Амжилтыг өдөр бүр мэдэр 
Мөн амжилтын тухай ойлголтоо ч бас цэгцлээрэй. Зорилго тавиад түүндээ хүрнэ гэдэг өөр хэрэг. Гэхдээ жинхэнэ амжилтаар амьсгалахын тулд мөрөөдлөөрөө амьдрах хэрэгтэй. Мөрөөдлөө ирээдүйд байгаа гэж бүү бод. Мөрөөдлөө одоо байгаа гэж бод. Тэгээд яг одоо мөрөөдлөөрөө амьдар.

Энэ бол бүх хориод настнуудад тохирох зөвлөгөө ч биш юм. Өөртөө тохирох хамгийн сорилттой, сонирхолтой, соргог замыг л сонго. Алдаад суралцаад, алдаад суралцаад л яваад бай. Зөв замаа л сонгосон бол буруудахдаа эргэлзэх хэрэггүй, учир нь яаж “дордлоо” гээд буруу замаар зөв явснаас хавьгүй дээр байх болно. 

А.Хатангоо
Эх сурвалж: www.goolingoo.mn; www.cosmopolitan.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна