М.Ичинноров: Нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлнэ гэдэг маш чанга хашхирч буй чимээ

2017/03/10
Хүний эрхийн хуульч , Хувь хүний хөгжлийн институтийн зөвлөх М.Ичинноровтой ярилцлаа.

 - Хүний эрхийн хуульчаар мэргэшсэн, нийгэмд эрх нь зөрчигдөж буй асуудалд тэр бүр зөвлөгөө, өмгөөлөл үзүүлж буй хуульч өнөөдөр маш цөөхөн байна. Та цөөхөн хүний нэг нь. Сүүлийн үед эрх зөрчигдсөн ямар асуудал дээр ажиллаж байна вэ?
- Үнэндээ би маш олон асуудал дээр өдөр бүр ажилладаг. Чимээгүй суугаад зөндөө олон хүнд тусаллаа. Хааяа нэг олны анхааралд хүрсэн асуудал дээр нийгмийн захиалгаар, тэдгээр иргэдийн хүсэлтээр оролцдог.

 - Цагдаад газдуулсан хоёр жирэмсэн эмэгтэйг та эмнэлэгт эргэсэн. Тэдний биеийн байдал хэр байна вэ?
- Тэнд нийгмийн даатгалын лавлагаа авахаар явж байсан 38 настай, найман сартай жирэмсэн эмэгтэй, мөн цуглаанд оролцож шөнө хоносон өндөр настай хүнд хоол хүргэхээр очсон 26 настай, гурван сартай жирэмсэн эмэгтэй нар цагдаа нарт газдуулж хордсон, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байдалтай байсан. Тухайн үед яаралтай эмнэлгийн тусламж авсаныхаа дараа бидэнд хандсан. Ингээд энэ сарын 4-ний өдөр би хоёр эмэгтэйтэй биечлэн уулзаж, ярилцлага хийсэн. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн зөрчлийн тэмдэглэл хийж, биед нь бий болсон хөхрөлт, биеийн болон сэтгэл санааны зовиурын талаар бичиж, мөн видео бичлэг хийн баталгаажуулсан. Одоогоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Хүчтэй тонус өгсөн, шөнө унтаж чадахгүй зовиуртай байгаа.

- Эмэгтэйчүүдийн баяраар талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийллээ. Нийгэм үнэхээр бухимдалтай, шударга бус байдал газар авсан учраас л ингэж жагсахад хүрч байна л даа. Та хэрхэн хүлээж авч байна вэ?
- Би үнэхээр WOW! гэж хүлээж авсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эмэгтэйчүүд, ардчилал, хүний эрх, нийгмийн сайн сайхны төлөөх тэмцэлд хэний ч гаргаагүй тийм иргэний эр зоригийг эдгээр бүсгүйчүүд гаргасан. Хэдийгээр чимээгүй лоозон бариад зогсож байгаа ч, нүцгэлж зогсоно гэдэг бол маш чанга хашгирч буй чимээ.

- Та хэсэг хугацаанд Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын даргаар томилогдож ажилласан. Харамсалтай нь Тахарын албыг татан буулгасан. Тахарын албыг татан буулгасанд шүүмжлэлтэй хандах тал байдаг л даа?
- Тахарын алба хэрэгтэй байсан. Эрх зүйн системд үйлчилгээний шинэ соёл бий болж байсан юм. Гэхдээ Гэрч, хохирогчийг хамгаалах газрыг цагдаагийн харьяанд үлдээсэн. Яг ямар хүмүүс хариуцаж байгааг нь мэдэхгүй байна. Уг нь мэргэшсэн хүмүүсээр нь хийлгүүлээд явуулах нь зөв байсан. Эрүүгийн багц хуулийн шинэчлэл, Гэр бүлийн хүчирхийллийн шинэ хуулиар гэрч, хохирогчийг хамгаалах бүтэц маш их ачаалалтай ажиллах ёстой. Тэгж ажиллуулах сэтгэлгээ одоо цагдаагийн байгууллагад байгаа эсэх нь эргэлзээтэй. Болдог бол цагдаагийн бүх бие бүрэлдэхүүнийг хохирогч хамгааллын чиглэлээр сургаж өгөх юмсан гэж боддог.

 - Өнгөрсөн оны өмнөхөн УИХ-ын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталсан. Хэр сайн хууль болж чадсан бэ?
- Сайн хууль болсон. Харамсалтай нь есдүгээр сарын 1 –нээс эхэлж хэрэгжих ёстой байсан хуулийг хойшлуулсан нь цаг алдаж, энэ хугацаанд хоёр эмэгтэй амиа алдсан. Энэ хуулиар хохирогч хамгаалал, хүүхэд хамгаалал хамаагүй өөр түвшинд гарах суурь тавигдсан. Одоо гол нь иргэд өөрсдөө бидэнд ийм эрх зүйн хамгаалалт бий боллоо, ийм гарцууд байгаа юм байна гэдгээ мэдэх чухал.

 - Гэр бүлийн дагнасан шүүх байгуулагдах ёстой гэж хуулийнхан ярьдаг. Энэ нь хэрэг маргааныг оновчтой шийдвэрлэх талаасаа онцгой ач холбогдолтой байх л даа?
-
Хууль, хүний эрхийн чиглэлээр АНУ-д суралцаж ирсэн цагаасаа л энэ зүйлийг би ярьсан. 2006 онд, 2009 онд бас би энэ асуудлаар хэвлэлийн хурал хийж байснаа маш сайн санаж байна. Гэр бүлийн асуудалд уян хатан, ухаалаг хандахгүй бол болдоггүй. Тэр гэр бүл маргаан, хэрүүлтэй, бүр хүчирхийлэлтэй байсан ч хөндлөнгөөс оролцох нь эмзэг асуудал байдаг учраас яг л өндөг шиг. Гэр бүл гэдэг бүтэц өөрөө тийм. Тийм учраас мэргэшсэн хуульчид ажиллаж, гэр бүл, сэтгэл зүй, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн асуудлаар мэргэшсэн шинжээчид оролцож байж гэр бүлийн маргааныг зохицуулдаг байх ёстой юм.

- Нам улс төрийн ажилд хэр оролцоотой байгаа вэ?
- Сүүлийн таван жил улс төрөөс ангид нам гүм, бие даасан байдалтай, хувь хүний хөгжлийн чиглэлд ажилласан, өөрийгөө хөгжүүлсэн, өөртөө анхаарсан он жилүүд байлаа. Ардчилсан нам сонгуульд ялагдсаны дараа энэ намын гишүүн байсан, энэ намд итгэл үнэмшилтэй ч орон зай байхгүйн улмаас өөр намд байгаад гарсан, нам бус гээд олон хүн энэ намд орж байна. Мөн намын шинэчлэл тодорхой хэмжээнд явагдаж эхэлж байгаа нь сайшаалтай байгаа төдийгүй олон нийтийн дунд хүлээлт үүсгэж буй. Одоо УИХ-ын Ардчилсан намын бүлэгт, намын даргын зөвлөхүүдийн бүрэлдэхүүнд ороод ажиллаж байна. Миний мэргэжил, боловсрол, санаачлагыг үнэлж хүлээн авч байгаа.

- Улс төрд хүчирхэг эмэгтэйчүүдийн дуу хоолой хэзээд үгүйлэгдэж ирсэн. Сономын Удвал гуай шиг, Д.Мөнхөө гуай шиг тулгатай сайн эмэгтэйчүүд хэрэгтэй байна л даа. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
- Нийгэм, улс орон, түүх, соёл бүх зүйл мөнхийн динамик, байнга өөрчлөгдөж байдаг. Магадгүй тэдэн шиг намбалаг сайхан эмэгтэйчүүд дахин бий болохгүй ч байж мэднэ. Хувь хүмүүс өөр өөр зан харилцаа, соёл, хүмүүжил, темпераменттай байдаг. Бид өнөөдөр нийгэмдээ манлайлаад улс төрд манлайлья гэж л ярилцаж байгаа. Сая эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны тулгамдсан асуудлуудаар АН-ын эмэгтэйчүүд уулзахдаа үүн дээр бүгд санал нэгдсэн.
 
Эх сурвалж: zindaa.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна