Богинохон, бардамхан амьдрав, тэр минь...

2017/04/18
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Сэтгүүлч Батсүхийн Ханддолгор өвчний улмаас таалал төгслөө.

Б.Ханддолгор нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 10 жилийн 48 дугаар дунд сургууль, Монгол Улсын их сургууль, БНЭУ-ын Жавахарлал Неругийн их сургуулийг төгссөн. Олон улсын харилцаа, улс төр судлалын магистр.”Түшээ” дипломат цолтой.

Тэрбээр сэтгүүлчийн мэргэжлээр МУИС-ийг төгсөж төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар ажиллан  хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Улмаар 1996-1999 онд “Ардын эрх” сонинд парламентын сурвалжлагч, 1999-2000 онд “Өдрийн сонин”-д  сэтгүүлч, тоймч,  2000-2002 онд улс төр,  мэдээллийн “Үг” сонины эрхлэгч, 2002-2004 онд Ардчилсан Намын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан  нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Монголын Үндэсний радиогийн дэд захирал, 2007-2009 онд МҮАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2013-2015 онд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015 оны 8 дугаар сараас Дели дэх ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байв.

Б.Ханддолгор нь Монголын сэтгүүл зүйд өөрийн байр сууриа эзэлсэн, авъяаслаг сэтгүүлчдийн нэг байсан бөгөөд түүний сэтгүүлчийн ур чадвар, аналитик сэтгэлгээ, өсөх ирээдүй зэргийг үнэлж МЧАСЭ-ийн “Монголын сэтгүүл зүйд хүндтэй хувь нэмэр оруулсан хувь хүн”, “Оны шилдэг сэтгүүлчийн” өргөмжлөлөөр шагнаж байжээ.
 
Сэтгүүлч Д.Оюунцэцэг: Дэндүү шударга, хэтэрхий зоримог юмсан дүү минь

Б.Ханддолгор дүү маань бурхны оронд морилж. Итгэж ядсан харанхуй, бачимдмаар, давчидмаар мэдээ. Хамгийн сүүлд уулзсанаас хойш 2 жил гаруй өнгөрчихөж. Бид хоёр 1997-1999 онд Төрийн төв хэвлэл "Ардын эрх"  сонины Улс төрийн мэдээллийн албанд хамт ажиллаж байлаа. Нэг үе албандаа хоёулхнаа байсан.

Хандаа маань ямар нөмөр нөөлөгтэй, ямар түшигтэй, итгэлтэй мундаг охин байсан гээч. 20 дөнгөж гарч явсан охинд баймгүй хэрсүү, ухаалаг, ажилсаг, дайчин, хатуужилтай чанар түүнд байсан. Бүтэн сайнд хоёулаа ээлжилж ажиллана. Амралтын өдөр ажилласан нэгийгээ даваа гаригт амраана. Энэ бол бид 2-ын өөрсдөдөө зохиосон ажлын хуваарь.

Дэндүү итгэлтэй учраас ажил хийднэ гэж огтоос санаа зоволтгүй. Ж.Мягмарсүрэн эрхлэгч үүнийг гадарласан юм шиг байгаа юм. Та хоёр даваа гаригт нэг нэгээрээ ажиллаад байна аа даа гэдэгсэн. Бичлэгийн арга барилаар нь л ялгадаг байсан байх. Тэрнээс биш мэдээ мэдээлэл алдаж, сониноо унагаж байсан удаа ганц ч үгүй.

Тухайн үеийн улс төр маш халуун. 50+1 гэдэг зарчмаар УИХ-ын ирц бүрддэг байсан, АН эрх баригч хэдий ч 50 суудалтай, олонхийг бүрдүүлэхэд 1 суудал дутуу. Үүнээс болоод хуралдаан гацна. Орой 19 цаг, 20 цаг болж байхад чуулганы хуралдаан эхэлж, заримдаа үүр цайтал хуралдана. Тэр үед гар утас байсангүй, сошиал энээ тэрээ бол зүүдэнд ч үгүй. Бүх зүйлийг гараараа бичнэ. Чуулган дуусаад ажил руугаа гүйн очиж нүүрээ бэлтгэнэ. Хандаа маань цэргийн хүн шиг л яс тас шүү дээ. Хэзээ ч итгэл алдаж, хүнд ачаагаас зайлсхийж, хойш сууж байсангүй. Ямагт тэргүүн фронтод л яралзаж явсан.

Сүүлд "Үг"  сонины эрхлэгчэр очоод хүний өмнөөс хилс хэрэгт унасан. юм. Дэндүү шударга, бас бусдын өмнөөс цээжээрээ гал хаах эрэмгий зантай учраас. Алтанбулагийн гаалийн ажилтан эмэгтэйтэй холбоотой тэр нийтлэлийг огт өөр, сонинд нь ч харьяалагддаггүй хүн бичиж нийтлүүлээд, Хандаа галыг өөр дээрээ татсан. Эрхлэгч байж би нягталж хяналгүй нийтэлсэн учраас гээд хэрэг хүлээж хар гарт очсон. Хэр баргийн хүн ингэж чадна гэж үү?

Тэнд байхдаа англи хэл сурч, гараад Энэтхэг явж бясалгал, гэгээрэлд суралцсан. Хожмоо ГХЯ-нд очиж, тэндээсээ Жагарын орныг дахин зорьсон доо. Бурхны орон дүүг маань таалжээ. Тэнгэрийн оронд эгээрч гэгээрсэн, дэндүү шударга, хэтэрхий зоримог, эрч хүчтэй бүсгүй дутсан юм болов уу даа. Эрхэм дүү минь нирвааны хутгийг олсон ч дээд тивдээ ивээлт охин тэнгэр болон заларна гэдэгт бат итгэж байна. Ум сайн амгалан болтугай.

Нийтлэлч Б.Ганчимэг: Богинохон, бардамхан амьдрав, тэр минь

Нэг редакцид хамтдаа мөр зэрэгцэн нөхөрлөж явсан , эрхэм анд Б.Ханддолгорынхоо араас эмгэнэн гашуудаж байна. Элэг зүрх эмтрэх мэт... Цахилж...цохилж явав, тэр минь. Богинохон, бардамхан амьдрав, тэр минь. Бартаатай эгэлгүй амьдралыг туулсан ч үргэлж асан дүрэлзэж явав. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна