29-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

2017/04/26

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөллөө.

Тодруулбал, Боловсролын сайдын тушаалаар тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, Засаг дарга дээрх шийдвэрийг гаргасан байна. Б.Батсайхан нь 2009 оноос хойш тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

Энэ талаар нийслэлийн Боловсролын Газрын дарга А.Даваажаргалаас тодруулахад, “29-р сургуулийн Б.Батсайхан захирлыг хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, Мэргэжил ур чадвар нь ажил үүрэгтээ тэнцэхгүй гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас нь чөлөөллөө. Бидний нотолсон зүйл бол хөдөлмөрийн гэрээтэй холбоотой. Харин эрүүгийн шинжтэй асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж, нотолно" гэв.

Өөрөөр хэлбэл түүнийг ажлын хариуцлага алдсан хэмээн ажлаас нь чөлөөлж байгаа аж. Харин сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэхийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс шалгаж буй бөгөөд дүгнэлт эцсийн байдлаар гараагүй аж.

Харин Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа хэлэхдээ, “БСШУСЯ-ны Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 29-р сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орлон гүйцэтгэгчийг томилохоор шийдвэр гарлаа. Бусад тусгай сургууль дээр ч мөн ийм асуудал байж магадгүй гэж үзсэн учраас Нийслэлийн ЗДТГ-аас Ажлын хэсэг байгуулж, тусгай зургаан сургуульд хяналт шалгалт явуулан зохих арга хэмжээнүүдийг авахаар болно" гэсэн юм.

Одоогоор 29-р сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм байна.

Т.Очир



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна