Зарим төрийн түшээд эрх ашгийнхаа төлөө ямар ч мэдэгдэл хийхэд бэлэн байна. Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа болоод ч тэр үү “хөөрсөн” мэдэгдэл Төрийн ордонд олноор хийх болов. Тэгээд үнэн зөв нь мэдэгдэхгүй, нягталж шалгаагүй мэдээллээ олон нийтэд шууд л цацчихаж байна. Тэр нь ард түмний дунд төөрөгдөл үүсгэхээс эхлээд эмх замбараагүй байдалд уриалан дуудах болов.
Тухайлбал, манай туршлагатай, тулхтай улстөрчийн нэг Л.Болд өнгөрсөн пүрэв гаригт нийгэмд айдас төрүүлэхүйц мэдэгдлийг хийлээ. Тэрээр “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын гишүүн энд тэнд хүмүүс дуудан уулзаж байгаа бололтой. Ард түмний эсрэг ард түмнийг турхирах гэж байна. Цуст мөргөлдөөн бий болох нөхцөл байдал үүслээ. Цэрэг хүчний байгууллагыг бэлтгэж байна. Хоёр дахь долдугаар сарын 1 болоход ойрхон байна” гэсэн утгатай зүйл ярьсан.
Түүнийг төрийн ордонд яг ингэж мэдэгдэх үед нь Д.Сүхбаатарын талбай дээр олон мянган хүн МАНАН-гийн эсрэг жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ. Л.Болд ч өөрөө тэр жагсаал цуглааныг зохион байгуулагчийн нэг. Тийм байтлаа маш хариуцлагагүй мэдэгдэл хийснээрээ тэр худалч улстөрч болохоо илэрхийлчихлээ. Нөгөө талаар жагсагчдын дунд жаахан л үл ойлголцох байдал үүссэн бол юу болж үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй.
Л.Болдыг ийнхүү мэдэгдэл хийсний дараа өдөр буюу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хариу мэдэгдэл хийсэн байдаг. Тэрээр “Өчигдөр болсон жагсаалын үеэр УИХ-ын гишүүн “Богд” банкны эзэн Л.Болд намайг жагсаал цуглааныг үймээн самуун цуст мөргөлдөөнд дуудсан. Цэргийн хүмүүсийг бэлдсэн гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг би эрс няцааж байна. Ер нь жагсаал цуглаан болдог. Тэр нь буруудаад ирэхээр буруугаа бусдад нялзаах гэсэн оролдлого сүүлийн үед газар авч байна. Тиймээс би Тагнуулын байгууллагаас албан ёсны тодруулга шаардаж байгаа. Мөн Л.Болд гишүүнийг шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
Хэрэв Л.Болд гишүүн шүүхэд дуудагдсан бол энэ нь тусгай хуулийн заалттай. Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын гэмт хэрэг болж хувирна. Тухайлбал холбогдох хуулийн 20.1-д Нийгэмд аюултай хор уршиг учруулахад бэлтгэж байгаа талаар зориуд худал мэдээлсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Тэгэхээр Л.Болд ард түмний дунд цуст мөргөлдөөн болоход ойрхон байна гэсэн мэдэгдлийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх байлаа. Гэсэн ч өнгөрсөн баасан гаригийн орой болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны үеэр ийм мэдээлэл тараасандаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас уучлал гуйж, алдаагаа цайруулах шиг болсон. Манай туршлагатай, тулхтай улстөрчдийн нэг болох Л.Болд ийнхүү эрх ашгийнхаа төлөө худал ярьдаг нэгэн болсон уу. Түүний үгэнд итгэж болох уу гэдэг нь эргэлзээ төрүүлж эхэллээ.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна