М.Энхболд: Намайг хотын дарга байхад архины зөвшөөрлийг Ц.Нямдоржийн авгай хэдэн жил олгосон

2019/01/17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хурлын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүс хууль хэрэггүй гэж ярьдагаа болих хэрэгтэй. Манай улс дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа. Бүх асуудал хуулийн зохицуулалттай явах ёстой.

Ер нь намайг миний гэр бүлийн хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна. Хэсэг эмэгтэйчүүд өнгөрсөн 7 хоногт жагсч манай эхнэрт шаардлага өгсөн. Миний эхнэрт өгөөд яах юм. Миний улс төрийн амьдралын хугацаанд манай гэр бүлийн хүн юунд ч оролцож байгаагүй. Намайг хотын дарга байхад миний эхнэрийг архины зөвшөөрөл олгодог байсан хүн гэж сүүлийн 3 хоног сошиалаар нүдэж байна. Архины зөвшөөрөл битгий хэл шинэ жилээр л хотын захиргаанд надтай хамт ордог байсан байх. Харин тэгж яривал намайг хотын дарга байхад архины зөвшөөрлийг Ц.Нямдоржийн авгай хэдэн жил олгосон. Андуураад байгаа юм уу гүтгээд байгаа юм уу. Олон түмэнд өгч байгаа мэдээллээ үндэстэй болгох талаар бодож үзээч. Би Ж.Батзанданд хандаж хэдэн үг хэлье. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг. Яг асуудал үүсэхээр зугтдаг. ЖДҮ ярихад картаа сугалаад гараад явсан, дууссаны дараа орж ирж байсан. Манай өрөөнд болсон үйл явдлыг харах юм бол тэнд байсан хүмүүс бүгд л наануу, цаануу болж байхад Батзандан цэнхэр ноосон малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд гарч байсан. Манай намын байшин шатаахад оролцож явсан хүн шүү. Магадгүй одоо 2020 оны сонгуулиар манай намаас нэр дэвшинэ гэж мэднэ. Тиймээс манай залуу гишүүд бодох хэрэгтэй. Хэнтэй нөхөрлөж байгаагаа. 60 тэрбумын ургийн модыг зуръя, Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулъя гэхээр чимээгүй болчихоод байгаа. Халдашгүй байдлын дэд хороо бүлэг олонхоороо ЖДҮ-д холбогдсон гишүүдийг авч үлдсэн. Одоо ямар ёс зүй энд яриад байгаа юм. Ёс зүйт байвал бүгд байх ёстой. Би үүнийг хэлэх ёстой” гэв.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна