Хятадууд Цагаан сарын бэлгээ "WeChat"-аар тараадаг болжээ

2019/02/04
Цагаан сарын баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг улс бол яах аргагүй хятадууд билээ. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг Хятадын ард түмэн Цагаан сараар л амсхийж, сурахаар болон ажил хийхээр гэрээсээ хол явсан нэгэн нь эргэн ирж, гэр бүлээрээ цуглан баярладаг юм. Гэхдээ cap орчим үргэлжилдэг Хятадын Цагаан сарын баяр бол зөвхөн алжаалаа тайлж, амрах боломж биш, харин олон зуун жилийн уламжлал ёсоо дагаж, эцэг өвгөдөө дээдлэх, ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө залбирах баяр юм.

Цагаан сарыг зөвхөн эх газрын хятадууд бус хан үндэстэн олноор суурьшдаг Сингапур, Индонез, Лаос, Малайз, Филиппин, Тайланд зэрэг орон өргөнөөр тэмдэглэдэг. Хятадууд мөнгө хадгалдгаараа алдартай ард түмэн. Харин тэд Цагаан сараараа хадгалсан мөнгөө гар татахгүй хэрэглэдэг. Гэр орноо чимэглэж, хоол хүнсээ элбэг, дэлбэгээр бэлтгэх, шинэ хувцас авах гэх зэргээр Цагаан сарын өмнө багагүй мөнгө эргэлтэд оруулдаг. Түүнчлэн гэр бүл болсон Хятад айл бүр ойр дотно, хамаатан садныхаа хүүхдүүд болон хүнтэй суугаагүй, ганц бие хүмүүстээ мөнгө бэлэглэдэг.

Дугтуй нь ихэвчлэн улаан өнгөтэй байхаас гадна албан газар, компаниуд ажилтнууддаа баярын үеэр мөнгө бэлэглэх нь элбэг. “South China morning post” сонины мэдээлж байгаагаар Хятадын Фужянь мужийнхан хамгийн их буюу дунджаар 3,500 юанийг дугтуйнд хийж, ойр дотнынхондоо бэлэглэдэг байна. Ерөнхийдөө хэр ойр дотно байх эсэхээс хамаарч, дугтуйн дахь мөнгөний хэмжээ өөр байдаг аж. Эцэг эхчүүд болон нагац, авга нар дунджаар 2,000-3,000 юань бэлэглэдэг бол ойрын бус хамаатнууд 100-300 юань бэлэглэдэг байна.

Сүүлийн жилүүдэд Цагаан сараар “WeChat” ашиглан дижитал хэлбэрээр мөнгө бэлэглэх нь нэмэгджээ. Өнгөрсөн жил “WeChat” сүлжээгээр 14.2 тэрбум ширхэг дижитал улаан дугтуй хоорондоо солилцсон нь 2017 оноос 75.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. “WeChat’’-ийн улаан дугтуйтай мөнгө илгээх үйлчилгээ анх 2014 онд нээгдэж байсан бөгөөд өнгөрсөн баярын өдрүүдэд оргил үедээ секундэд 760 мянга орчим гүйлгээ хийж, дээд амжилт тогтоожээ. Өнгөрсөн жил Сингапурт төвтэй “United Overseas Bank” Зүүн Өмнөд Азийн орнууд Цагаан сараар хэчнээн төгрөг зарцуулдаг талаар судалгаа хийжээ.

Сингапурт 500 орчим гэр бүлд явуулсан судалгаагаар, 1,890 ам.доллар буюу 2,500 орчим синга доллар зарцуулдаг бол Индонез, Малайз зэрэг орон 800-1,000 орчим ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Дээрх орнууд баярын өдрүүдээр зарцуулдаг мөнгөнийхөө дийлэнхийг бэлгэд болон хоол хүнсэнд зарцуулдаг аж. Харин БНХАУ-ын нэг гэр бүл Цагаан сараар яг хэчнээн төгрөг зарцуулдгийг тооцоход хүндрэлтэй байдаг гэнэ.

Учир нь хятад гэр бүлийн баярын өдрүүдэд зарцуулдаг мөнгөн дүн хоорондоо маш их ялгаатай байдаг аж. Харин Хятадын нийт иргэн өнгөрсөн жил 840 гаруй тэрбум юань буюу 200 орчим тэрбум ам.долларыг Цагаан сарын баяртаа зарцуулсан гэх судалгаа байна. Энэ нь өнгөрсөн 2017 онтой харьцуулахад 11.4 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Түүнчлэн баярын өдрүүдэд хятадуудын дотоод дахь шилжилт хөдөлгөөн эрс нэмэгддэг бөгөөд 61.5 тэрбум ам.долларыг нэг хотоос нөгөө хот руу явахад зарцуулсан байна.

Харин монголчууд Цагаан сард зориулж нэг өрх дунджаар 1.5 сая төгрөг бөгөөд үүнээс 419 мянган төгрөг буюу 60.2 хувь нь мах шүүс, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувийг цагаан идээнд зарцуулдаг байна. Харин гарын бэлгэд нэг өрх дунджаар 780 мянган төгрөг зарцуулдгаас нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэдэг байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна