Тусгай сангуудын шалгалтаар ЖДҮ-г дараад өнгөрөх үү?

2019/02/22
ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг намжих шинжтэй болоод явчихлаа. Жирийн иргэнийхээ боломжийг хулгайлсан энэ асуудлаас болж, У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуц­лага хүлээх ёстой байв. Гэсэн ч ганц хоёр сайдаа явуулаад л өнгөрөв.

Мөн прокурорын байгууллагаас ЖДҮ-гээс зээл авсан дөрвөн гишүүнийг түдгэл­зүүлэх санал  парламентад орж ирсэн ч  ангийнх нь  нөхөд хамгаалж авч үлд­сэн. Түүний дараа УИХ-ын ги­шүүн Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд на­рыг яллагдагчаар татсан ч зарим нь ирж мэдүүлэг өгөхгүй, шалгалтад хүнд­рэл үүсч байна гэдгийг хуулийн байгуул­лагаас мэдэгдэж байгаа юм.

Тухайл­бал, УИХ-ын гишүүн Г.Солтан яллаг­дагчаар татах дүгнэлттэйгээ ч очиж танилцаагүй байна. Тэгэхээр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиг­лаж их хэмжээний зээл авсан тө­рийн өндөр албан тушаалнуудад хариуц­лага тооцох асуудал  энэ хүртэл өнд­рөө аваад намжиж магадгүй болчихлоо.

Өчигдөр болсон Засгийн газ­рын ху­ралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудад хийсэн шалгалтынхаа дүнг танил­цуул­сан байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс ЖДҮ-гийн асуудалд санаа тавьж, ганц л даалгавар өгсөн нь тусгай сан­гуу­дыг шалгах үүрэг байв.

Өөрөөр тэр гараа ч хөдөлгөөгүй. Түүний даал­гавраар Сангийн яамнаас ЖДҮ гэж онцолсонгүй, сангуудыг хавтгай­руулан шалгасан юм. 

Засгийн газрын харьяанд байдаг 29 санд ийнхүү шалгалт хийж, зармыг нь татан буул­гах саналаа ч хүргүүлээд байгаа юм байна. Тэд ингэж  олноор нь шалгаж, зөр­чил дутагдал илэрсэн хэмээн сүр дуулиантай мэдэгдэхийн цаана ЖДҮ-гийн хэргийг бүдэгрүүлэх цаашлаад дараад өнгөрөх нэг арга яваад байх шиг байна.

Уг нь олон нийт нэн тэргүүнд ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ гэсэн хүлээлттэй байгаа.

Сангийн сангийн яамнаас энэ удаа ЖДҮХС биш Тариалан эрхлэлтийг дэм­жих санг хамгийн их “ухаж” шал­га­сан гэдгийг салбарын сайд нь өөрөө хэлж байв. Тариаланг дэмжих сан 2018 оны есдүгээр сарын байдлаар хуга­цаа хэтэрсэн найдваргүй зээл 72 тэр­бум төгрөгт хүрчээ.

Түүний араас “Мал хамгаалах сан”, “Хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих сан”, “Боловс­ро­лын зээлийн сан”, “Авто замын сан”-г шалгасан. Шалгалтаар гурван сан­гаас нэгэн зэрэг зээл авсан  зөр­чил илэрчээ. Мөн хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна.

Эдгээр нь Монголбанкны зээлийн мэдээл­лийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу, 130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр үүссэн нь мөн тогтоогджээ.

Түүнчлэн “Тариалан эрхлэлтийг дэмжих” сан байгуу­лагд­санаас хойш 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байна. Нэг сангаас нь зээл аваад нөгөө сангийнхаа зээлийг төлөх зөрчил ч нэлээд гарчээ.

Ийнхүү Сангийн яамнаас өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалт олны хүлээлтэд хүрсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд олноороо их хэмжээний  зээл авсан гэх ЖДҮХС-г ухаж шалгаагүй, тойрсон бололтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна