Э. Түмэнбаяр: Маскгүй олон жил ажилласнаас болж мэргэжлээс шалтгаалах өвчтэй болчихоод байна

2019/04/12
Тухайн хүний ажил мэргэжлээс шалтгаалж  үүссэн өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин гэж онцолдог. Жишээлбэл, тоос шороотой, дуу чимээ ихтэй, хүйтэн орчинд,  байнга суугаа болон зогсоо байдалд ажиллах  зэрэг ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж  тухайн хүний биед сөргөөр нөлөөлөн  эмгэг үүсгэн  буй  өвчлөлийг мэргэжлээс шалтгаалах өвчин гэж үздэг гэсэн үг. Монгол Улсад мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлж оношлох, эмчлэх чиглэлээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв  ажиллаж байна.

 Мэргэжлээс шалтгаалах  өвчлөлийн байдал ямар байгааг  сурвалжлахаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрыг зорьлоо. 

Энэ байгууллагын хоёрдугаар давхарт гарахад ажлын байрны нөхцөлөө сольж ажиллаад хэр өөрчлөлт гарснаа  эмчид үзүүлнэ, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр группт  орох эсэхийг хурлаар оруулж шийдэхээр  хүлээж байна гээд хүмүүс дугаарлаж,   хөл хөдөлгөөн ихтэй байв.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын хяналтанд байдаг өвчтөн Э.Түмэнбаяртай уулзсан юм.



Тэрээр “Би Дорноговь аймгийн Айраг суманд “Монголросцветмет” нэгдлийн харьяа жоншны уурхайд ажиллаж байсан. Гагнуурчин мэргэжилтэй хүн. Хүнд техникүүдийг гагнах ажлыг 17 гаруй жил хийлээ. Тэгээд гуурсан хоолойн үрэвсэл гэдэг оношоор мэргэжлээс шалтгаалах өвчний групп тогтоолгосон. Жоншны уурхайд ажиллахаар тоосжилт ихтэй. Байгууллагаас хөдөлмөр хамгааллын хувцас хунар өгдөг ч гагнуурчин хүн маск хийгээд ажиллахад  хэцүү байдаг л даа.

Нүдээ хамгаалах хэрэгсэл зүүж гагнуур хийдэг байсан ч  амьсгалын эрхтнээ  хамгаалах талаар анхаараагүйгээс ийм мэргэжлийн өвчтэй болчихоод байна. Гагнуур хийж байгаа тохиолдолд  заавал маск зүүж байх хэрэгтэй. Орчин үед  дотроо хүчилтөрөгчийн шүүлтүүртэй  маск хүртэл гарчихсан байна. Тийм болохоор хүмүүст хандаж хэлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, дүрэм, журмыг барьж ажиллахаас гадна хамгаалах хэрэгсэл, хувцасаар бүрэн хангах, эмчийн үзлэг, хор саармагжуулах бүтээгдэхүүнийг ажил олгогчоос шаардаж хэрэглэж байх нь өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж байгаа үйлдэл юм байна” гэж захиж байлаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын хяналтанд орох гэж байгаа иргэн  Ц. Цэцэгсүрэнтэй  үзлэг хийлгэхээр хүлээж байх зуур нь уулзаж цөөн хором ярилцсан юм. 



Тэрээр  Эгч нь "Багануур” ХК-нд 1993 оноос хойш 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай Шатахуун түгээх  станцад түгээгчээр  ажилласан. Өдөр бүр том тэрэгнүүдээ түлш шатахуунаар хангах үүрэгтэй ажиллаж байсан. Одоо харшил хордлого гэсэн оноштойгоор мэргэжлээс шалтгаалах өвчнөөр группт орох гээд явж байна. Манай байгууллага бээлий, маск, ажлын хувцас зэргээр хангаж, өдөр тутам сүү өгдөг байсан л даа. Гэвч олон жил ажиллаад ирэхээр бие эрхтэнд нөлөөлдөг бололтой юм аа. Уг нь мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар   ажилчдад мэдээлэл байнга өгч, сургалтанд хамруулж байх  хэрэгтэй юм байна . Ажилчид хэнэггүйгээсээ болоод хөдөлмөрийн аюулгүй байдалдаа анхаарахгүй, яах ч үгүй гэж тоомсоргүй явж байгаад хэдэн арван жилийн дараа эд эрхтэн нь өвчилдөг юм байна” гэсэн юм.

Тухайн байгууллагын  ажилтан, албан хаагчид  мэргэжлээс шалтгаалах өвчин туссан бол эхний үед эмчилгээ хийлгэнэ. Эдгэрэхгүй бол ажлын байрны  нөхцөлийг нь сольж өгнө. Байдал дээрдэхгүй бол хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн тэтгэмж тогтоолгох хууль эрхзүйн зохицуулалт үйлчилдэг аж. Ажлын байрны стандартын нөхцөлийг хадгалж,  зургаан сар тутам ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулбал  мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн тоо үлэмж буурна гэж холбогдох албаныхан тайлбарлаж байлаа. Ингээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын эмч нартай уулзаж, мэргэжлээс шалтгаалах өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан, одоогийн нөхцөл байдлын талаар тодруулав.

Тус төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын  дотрын эмч Ц.Сувдгэрэл “Сүүлийн үед шинэ тохиолдол нэмэгдсэн үзүүлэлттэй байна.



Аж ахуйн нэгжүүд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн талаас нь маш сайн анхаарч ажиллаж байгаа. Одоогийн өвчлөл шинээр бүртгэгдэж, ихсэж байгаа гэдэг нь нэг талаар шинжилгээнд сайн хамрагддаг, эрт  илрүүлэлт нэмэгдэж байгаагийн  үр дүн гэж ойлгож болно.

Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйл болох тоосжилт, дуу чимээ, доргилт зэрэг нөлөөллөөс  болж  ажилтнууд мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болж  байгаа.

Энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлэхдээ хууль зүй, техник технологи, биологи, хувь хүний талаас нь анхаарах шаардлагатай юм. Хууль зүйн гэдэг нь тухайн хүний нас хүйс, өвчлөл зэргээс шалтгаалаад ямар нөхцөлд ажиллах боломжтойг хуулиар зааж өгдөг. Ажлын 8 цагаас илүү ажиллахгүй байх зэргээр зохицуулалт бий.Техник технологийн гэдэг нь тухайн үйлдвэрлэлийн сөрөг нөлөөтэй орчинд эрүүл мэндийг хамгаалах техник технологийн шинэчлэлийг хийж байх ёстой.

Эрүүл мэндийн талаас нь  Эрүүл мэндийн сайдын 340 тушаалын дагуу  үйлдвэр, уул уурхай  гээд хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт заавал хамруулах үүргээ биелүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх аргууд бий” гэсэн юм.

 

Мэргэжлийн өвчин судлалын газрын мэдрэлийн эмч Ц.Оюун:

Манайд мэдрэлийн болон дотрын чиглэлээр өвчилсөн хүмүүс их ирж байна. Уул уурхайн хүнд даацын, 5-80 тн ачаатай машин жолооддог жолооч, уул уурхайн гүний нэвтрэгч, өрөмдөгч нар доргио чичиргээ,   тоосжилт ихтэй орчинд ажилладаг тул  мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд хамгийн их өртдөг” гэж тодотгож байв.

 

Мэргэжлийн өвчин судлалын газрын статистикч эмч, Мэргэжлээс  шалтгаалах өвчний эмнэлэг, хөдөлмөрийн магадлах салбар комиссын нарийн бичгийн дарга Б. Шинэбилэг хэчнээн хүн мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдсөн  зэрэг  статистикийн мэдээллийг бидэнд өгсөн юм.

Тэрээр “Монгол Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчин 1975 оноос хойш 9926 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор 3483 өвчтөн хяналтанд байгаа. Хяналтанд байгаа өвчтний дийлэнх нь эрэгтэй хүмүүс. Хүнд үйлдвэр, уурхайд ажилладаг ажилчид байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн 50-60 хувь нь 51-60 насныхан байна. Ажилласан жилээр нь тооцвол 21 ээс дээш жил ажилласан байна.

 

Манай хяналтад байгаа өвчтнүүдийн дийлэнх нь Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Хэнтий аймагт  байна. Учир нь эдгээр аймгуудад   хүнд үйлдвэрүүд, уурхай ажилладаг учраас иргэд мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртөх нь их байгаа юм.  Нийслэлээс Баянзүрх, Сонгинохайрхайн дүүргийн иргэд манай байгууллагад илүү олноороо хандаж байна” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна