"Nipah" хэмээх вирусын шинэ тахал гарч болзошгүй

С.Гандэлгэр
2021/02/03

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Nipah" буюу "NiV" вирусийн шинэ тахал гарч болзошгүй хэмээн мэдэгджээ.

"Nipah" вирус нь анх 1999 онд Малайз улсад Нипах голын эрэг дээр амьдардаг гахайн фермерүүдийн дунд гарсан учир тус голын нэрээр нэрлэгддэг ажээ. Тухайн үед 300 орчим хүн өвчилж, 100 гаруй хүн нас барж, дэлгэлтийг хумих зорилгоор 1 сая гаруй гахайг устгалд оруулж байжээ. Түүнээс хойш энэ төрлийн вирусийн голомт Өмнөд Азид дахин 12 удаа илэрсэн байна.

"Nipah" вирусээс шалтгаалах нас баралт нь 40-75% байх магадлалтай бөгөөд вирус маш хурдан тархдаг аж. Уг вирусээр халдварлахад ямарваа нэгэн шинж тэмдэг илрэхгүй эсвэл үхлийн үр дагавартай ч байж болох ажээ. Үүнийг эмчлэх аргыг эрдэмтэд хараахан нээгээгүй байна.

Вирусийн байгалийн тээгч нь өмнөд Хятад, Зүүн Өмнөд Ази, Шинэ Гвиней, Австралид өргөн тархсан сарьсан багваахайн аймгийн жимсээр хооллодог "нисдэг үнэг" юм. Энэ вирус Африкт амьдардаг "нисдэг үнэг"-үүдэд ч илэрсэн байна. Нэг хачирхалтай зүйл нь амьтад өөрсдөө өвддөггүй аж. 

Эрдэмтдийн олж тогтоосноор хүмүүс өвчтэй гахайтай ойртсоны дараа эсвэл халдвар авсан сарьсан багваахайн шүүрлээр бохирдсон жимс идсэний үр дүнд халдвар авдаг байна. 

Иймд "Nipah" -аас урьдчилан сэргийлэхийн тулд нисдэг үнэгүүдийг далдуу мод болон бусад шинэ хоол хүнсэнд нэвтрэх боломжийг багасгахыг ДЭМБ зөвлөж байна. Түүнчлэн шинэхэн хураасан далдуу модны шүүсийг буцалгаж, харин жимсийг угааж, хальсалсны дараагаар хэрэглэх шаардлагатайг мөн анхаарууллаа.

Цаашлаад вирусийг хүнээс хүнд дамжуулах эрсдэлийг бууруулах чиглэлээр ДЭМБ-аас NiV вирусийн халдвар авсан хүмүүстэй ойртож, холбоо барихаас зайлсхийх, гараа тогтмол угаах, вирусээс хамгаалах хэрэгсэл ашиглахыг зөвлөлөө.

Эх сурвалж: centralasia.media/




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна