Хятадын шинэ хуулийн гол бай нь Хонгконгийн сөрөг хүчнийхэн

С.Гандэлгэр
2021/03/02

Бээжингийн өнгөрсөн оны долдугаар сард баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай  шинэ хуулийн гол “бай” нь Хонгконгийн ардчиллын төлөө тэмцэгчид гэдэг нь дэлхий нийтэд ил байв. Салан тусгаарлах гэж оролдох, гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдвал бүх насаар нь хорих ял онооно гэсэн заалттай  энэ хуулийг зөрчсөн гэсэн шалтгаанаар Хонгконгийн эрх баригчид  сөрөг хүчний 47  хүнийг ням гаригт баривчилсан нь олон улсын дургүйцлийг хамгийн ихээр өдөөлөө. Ардчиллын төлөө тэмцэгч 23-64 насны 39 эрэгтэй, найман эмэгтэйг цагдан хориод байна.

Ингэснээр хотын анхан шатны сонгуулийг  зохион байгуулахад оролцсон дүүргийн зөвлөлийн гишүүд, нэр хүндтэй хууль тогтоогч, дэмжигчид гэсэн нийт 53 хүнийг хорлон сүйтгэх нууц төлөвлөгөө боловсруулсан хэмээн баривчиллаа. Хятадын хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг Хонгконгийн цорын ганц төлөөлөгч “Зөвхөн тууштай эх орончид л Хонгконгт  эрх барихыг зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэний дараахан дээрх баривчилгаа болсон юм. Харин Хонгконгийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга дээрх тэмцэгчдийг Хонгконгийн Засгийн газрын үйл ажиллагааг доголдуулах хуульд хориг тавихын тулд олонх болох зорилгоор анхан шатны сонгууль зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдэв.

Дээрх баривчилгааны эсрэг улс орнууд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,Европын холбоо “Ардчиллын төлөө тэмцэгч 47 хүнийг баривчилсан нь биднийг их түгшээлээ. Энэ баривчилгаа Хонгконг улс төрийн хууль ёсны олон ургальч үзлийг удаан хугацаагаар тэвчихгүй гэдгийг илтгэв. Эрх баригчдыг иргэний  үндсэн эрх чөлөөг хамгаалах хууль ёсны амлалтаа биелүүлэхийг уриалж байна” гэв.

Үүнээс өмнө хэд хэдэн хууль тогтоогч, сөрөг хүчний гишүүдийг  нэгдүгээр  сард баривчилсан билээ. Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Ардчиллын төлөө тэмцэгчдийг олноор баривчилж байгаа нь  бүх нийтийн эрхийг зөрчиж буйгаа олон улсад нээлттэй зарлаж буй хэрэг юм. Байден болон Харрисын Засгийн газар Хонгконгийн ард түмэнтэй хамт ардчиллыг эсэргүүцэгч Бээжингийн эсрэг тэмцэнэ” гэж мэдэгдэж байлаа. Харин Их Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Доминик Рааб “Хятад үндэсний аюулгүй байдлын тухай хуулиа батлахдаа Хонгконгт тогтвортой байдлыг бий болгоно гэж хэлсэн. Гэтэл энэ нь улс төрийн эсэргүүцлийг дарах зорилготой байсан нь харагдаж байна” гэж анхааруулсан юм. Ийн БНХАУ Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн гол “бай”-гаа Хонгконгийн сөрөг хүчнийхэн рүү хурдацтайгаар чиглүүлж эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна