Индонезийн Хойд Суматра мужид байрлах Синабунг хэмээх галт уулаас ихээхэн хэмжээний үнс нурам оргилж, 5 км хүртэл өндөрт цацагдсан тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн байна. Үүний улмаас уг галт уулын ойролцоо орших хот тосгон, суурин газруудын орчин тойрон болон агаарт сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ дэлбэрэх вий гэсэн болгоомжлол үүсгээд байгаа юм.
Хойд Суматрын галт уул өнгөрсөн долоо хоногоос эхлэн хурдацтай идэвхжих болсон бөгөөд холбогдох байгууллагын ажиглалтаар нийт 13 удаа үнс цацаржээ.
Одоогийн байдлаар ойр орчмын бүс нутаг дахь оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхлээгүй ба агаарт цацагдсан үнснээс болж хуваарьт нислэгүүдийг цуцлах шаардлагагүй хэмээн орон нутгийн удирдлагууд шийдвэрлэсэн байна.
Синабунг галт уул нь 2600 метр өндөртэй, Индонезид одоогоор идэвхтэй дэлбэрэлттэй байгаа хоёр галт уулын нэг нь юм. Тус галт уул нь одоогоос 10 гаруй жилийн өмнө идэвхжин дэлбэрсний улмаас хоёр хүн амь үрэгдэж байжээ. Түүнээс хойш 2014 болон 2016 онуудад мөн дэлбэрч нийт 24 хүн амиа алдсан тохиолдол гарч байсан билээ.
Эх сурвалж: cbsn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна