Ирээдүйд дэлхийн тойрог замд судалгаа, даалгавар гүйцэтгэж яваа сансрын нисгэгчид болон жуулчдад зориулан Orbital Assembly Corporation-аас нийт 400 хүн хүлээн авах хүчин чадал бүхий “Voyager Class” гэх нэртэй сансрын станцыг өндөр зэрэглэлийн зочид буудлын зориулалтаар байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулжээ.
Задгай сансарт байрлах хамгийн анхны зочид буудал хэмээн нэрлэгдэж буй уг байгууламж нь дотроо ресторан, кино театр, концерт заал, номын сан, эрүүлжүүлэх спа, фитнесс зэрэг хүний хэрэгцээг цогцоор нь хангасан төрөл бүрийн үйлчилгээнүүдийг багтаах ажээ.
Компаний удирдлагын мэдээлсэнээр үндсэн барилга угсралтын ажил 2025 оноос эхлэх төлөвлөгөөтэй ба түүнээс өмнө ижил загвар бүхий бичил станцуудыг дэлхий дээр турших юм.
Анх 2012 онд Жон Блинков хэмээх эрхэм сансрын орон зайд их бүтээн байгуулалт эхлүүлэх зорилгоор “Gateway” хэмээх санг үүсгэн байгуулж байжээ. Харин түүнээс хойш 6 жилийн дараа буюу 2018 онд тус сан нь ОАС компанийг байгуулж, NASA-д ажиллаж байсан мэргэжилтнүүд, чадварлаг инженер, архитектур, нисгэгчдээр бүрэлдэхүүнээ зузаатгасан байна.
Түүнчлэн тус компаний зүгээс “Voyager Class” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө босгох зорилгоор 2021 оны 4-р сарын 1-ний өдөр хүртэл өөрийн компаний нэгж хувьцааг 0.25 ам.доллараар үнэлэн, хөрөнгө оруулагчдад худалдаалж эхэлсэн ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна