Франц, Герман, Итали улсууд AstraZeneca вакциныг дархлаажуулалтад ашиглахыг түр зогсоолоо

2021/03/16

AstraZeneca вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахыг түр зогсоож байгааг өчигдөр Франц, Герман, Итали улсууд зарлажээ.

Вакцин тариулсан хүмүүсийн дотор цусны бүлэгнэл, цус алдалт, цусны ялтсын тоо хэмжээ буурах зэрэг сөрөг нөлөө гарсантай холбоотой ийм арга хэмжээ авсан байна.

Герман улсад цус бүлэгнэлийн долоон тохиолдол бүртгэгдсэн тул шалгалтын дүгнэлт гартал AstraZeneca вакцин хэрэглэхийг түр зогсоосноо тус улсын эрүүл мэндийн сайд Йенс Шпан мэдэгджээ.

Герман даяар вакцинжуулалтад хамрагдаад байгаа 1.6 сая хүнтэй харьцуулахад энэ нь бага тоо хэдий ч AstraZeneca вакцинтай холбоотой нь тогтоогдвол аюултай түвшин болохыг тэр хэлсэн байна.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хүн ардынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс мөн ижил шийдвэр гаргаж байгаагаа мэдэгджээ. Европын Холбооны эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг гарсны дараа Франц улс AstraZeneca вакциныг үргэлжлүүлэн ашиглах эсэхийг шийдэх гэнэ.

57 настай хөгжмийн багш вакцин тариулсны дараа нас барсантай холбоотойгоор Италийн Педмонт мужийн прокурорууд өчигдөр 393,600 тун AstraZeneca вакциныг хурааж, дархлаажуулалтад ашиглахыг нь түдгэлзүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Дани, Норвеги, Исланд улсуудад AstraZeneca вакцинтай холбоотой эндэгдэл гарсны дараа хэрэглэхээ түр зогсоож байв. Дараа нь Ням гарагт Нидерланд, Ирланд улсууд нэмэгдсэн юм.

Баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага AstraZeneca вакцины ач холбогдол нь үүсгэж болзошгүй эрсдлээсээ хавьгүй өндөр тул дархлаажуулалтын хөтөлбөртөө үргэлжлүүлэн ашиглахыг улс орнуудад зөвлөсөн.

Европын анагаах ухааны зохицуулагч дээд байгууллага EMA (European Medicine Agency) өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “Европын Холбоо даяар жил бүр олон мянган хүн өөр өөр шалтгаанаар цусны бүлэгнэлтэй болдог. Вакцин тариулсан хүмүүсийн дунд гарсан тохиолдлууд нь хүн амын дунд илэрдэг ерөнхий дунджаас бага байна” гэжээ.

AstraZeneca компани өчигдөр гаргасан мэдэгдэлдээ вакциныг нь өнөөдрийн байдлаар 17 сая хүн тариулаад байгаагаас цусны бүлэгнэлийн DVT (Deep Vein Thrombobis) төрөл 15 удаа, Pulmonary Embolism төрөл 22 удаа бүртгэгдсэн нь ерөнхий хүн амын өвчлөлийн дунджаас хамаагүй бага бөгөөд бусад Covid-19 вакцинуудын үед гардаг тохиолдлуудтай ойролцоо түвшинд байгааг тайлбарлажээ.

Эх сурвалж: The Guardian



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна