Өнөөдөр Монголын Эмнести интернэшнл, “Дахин төлөвлөлөлт-иргэний оролцоо” эвсэл хамтран “ Дахиан төлөвлөлт- орхигдсон иргэд- хотын хөгжил ” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Монгол улсад хэрэгжүүлж байгаа хот, суурин газрыг дахин төлөвлөх үйл ажиллагаа, түүнийг зохицуулж буй холбогдох хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилт, зохицуулалт, хяналтын асуудлыг Улаанбаатар хотын төвийн зургаа дүүргийн дахин төлөвлөлтийн бодит тохиолдол жишээн дээр тулгуурлан хэлэлцлээ.
Монгол улсын нэгдсэн олон улсын гэрээ конвенцийн дагуу төрөөс иргэдийнхээ шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах ёстой. Иймээс 2013 оноос эхлэн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байшин болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажил эхэлсэн. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын 27 байршлын 86 хэсэг болон ашиглалтын шаардлага хангахгүй 344 барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарч, төсөл хэрэгжээд зургаан жил болж байна. Үүний үр дүнд олон айл өрх тав тухтай орон сууцанд орж, ая тухтай амьдрах орчноо бүрдүүлсэн. Гэвч дахин төлөвлөлтийн ажлын явцад иргэдийн өмчлөх болон бусад эрхийг ноцтой зөрчих тохиолдол гарч буйг Монголын Эмнести интернэшнл ТББ-ын хийсэн судалгаа тайлангаас тодорхой харж болно.
Дахин төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 1899 айл өрх газраа чөлөөлсөн. 2020 оны хагас жилээр орон сууцанд орсон 1443 өрх, түрээсийн байранд байгаа 243, түр орон сууцанд байгаа 182, орон сууц худалдаж авсан 38, амьдрах нөхцөл байдал хүндэрсэн 164 өрх байна.
Төрөөс дахин төлөвлөлт хийх компанийг сонгон шалгаруулдаг. Ингэхдээ нийт оршин суугчдын 80 хувь нь тухайн компанийг дэмжсэн байх ёстой. Гэтэл 80 хувь нь дэмжсэн юм чинь бусад нь хамаагүй гэх байдлаар үлдсэн айл өрх, хүмүүсийнх нь эрхийг ноцтой зорчих тохиолдол гардаг байна. Ингэж хохирсон ииргэний төлөөлөл /төмөр замын хуучин хоёр давхар шар байранд оршин суудаг, өмчлөгч/ П.Давааням өнөөдрийн цахим хэлэлцүүлэгт оролцож, өөрийн өрх гэрт тохиолдсон асуудлаа ярьсан юм. 2019 онд түүний гэрт нь төсөл хэрэгжүүлэгч хувийн компанийн хүмүүс үүд хаалгыг нь эвдлэн дайрч орж, гэрийн тавилга, эд хогшлыг нь хүчээр ачаад явсан байна. Хүний хувийн өмчид халдсан энэ үйлдлийг одоо хүртэл хууль шүүхийн байгууллага шалгаж дуусаагүй, харин ч өөрийг нь гэрт нь дайрч ороход нь хийсэн бичлэгээр нь буруутган Зөрчлийн хуулиар торгууль ноогдуулсан байна.
Яг ийм байдлаар төслийг нь дэмжихгүй байгаа иргэдийг хувийн компаниуд дарамтлах, шахалт үзүүлэх, хувийн өмчид нь халдах зөрчил түгээмэл гардаг. Мөн дахин төлөвлөлтийн компаниуд иргэдээс санал авахын тулд танай байрныхан бараг бүгдээрээ зурчихсан, та л зурах дутуу байна гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлдэг. Ийм байдлаар иргэдийг будилуулж, талцуулах зэргээр замбараагүй байдлыг зохиомлоор үүсгэдэг. Ингээд мэдээлэл муутай, яаран сандран гэрээ байгуулсан иргэд орох оронгүй болох, түрээсийн байр дамжих, нийгмийн үйлчилгээгээ авч чадахгүй байх гэх зэргэээр хүнд нөхцөл байдал үүсэх шалтгаан болж байна. Гэвч үүнд нь төрөөс ямар нэгэн хөндлөнгийн хяналт байдаггүй. Иргэдийг асуудал тавихаар тухайн компанитайгаа л учраа ол гэх байдлаар ханддаг гэлээ.
Монголын Эмнести интернэшнл ТББ-аас хийсэн судалгаагаар дахин төлөвлөлтийн хүрээнд 1500 орчим айл өрх орон сууцанд орсон бол, амьдрах нөхцөл нь хүндэрсэн болон түрээсийн байр, түр орон сууцанд 400 орчим айл өрх амьдарч байна. Энэ хүмүүсийн шаардлагад нийцсэн орон сууцтай байх эрх зөрчигдөхөөс гадна, бусад эрхүүд давхар зөрчигдөж байгааг судалгаагаар тогтоожээ. “Дахин төлөвлөлт – Иргэний оролцоо” эсвэлийн тэргүүлэгч байгууллага “Газрын эзэн баян зүрх нөхөрлөл”-ийн захирал Б.Нямжав “БЗД-ийн IV хороонд л гэхэд дахин төлөвлөлт эхэлснээс хойш 15 хүн нас барсан. Түүвэр судалгаанаас харахад дахин төлөвлөлтөд орсон ч байрандаа орж чадаагүй айл өрхүүд түрээсийн төлбөрт дунджаар 19.5 сая төгрөг, тавилга эд хогшил хохиролд 5.8 сая, сургууль цэцэрлэгийн зардалд 6.5 сая төгрөг зарцуулсан гэх судалгаа гарсан” гэлээ.
Мөн тухайн айлын хүүхдүүд сэтгэл санаагаар унах, стресдэх, сэтгэл гутралд орох гэх зэргээр нийгэмшил, сурлагын чанарт нь эрс өөрчлөлт ордог байна. Үүнээс үүдэн хүүхдүүд түгшүүртэй байдалд ордог. Судалгаагаар энэ хүүхдүүдийн түгшүүрийн хэмжээ амиа хорлохын өмнөх түвшинд байгаа нь гарчээ.
“Иймээс дахин төлөвлөлтийн ажилд төрөөс онцгойлон анхаарч дээрх алдаа дутагдлыг засах ёстой. Энэ чиглэлээр олон хууль тогтоомж, дүрэм журам гарсан ч бодит байдал дээр хэрэгжилт нь хангалтгүй. Хэрэгжүүлж буй хүмүүс нь хүний эрхийн мэдлэг мэдээлэл, мэдрэмж муутай байна. Түүнчлэн дахин төлөвлөлтийг цаашид хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бололцоог бий болгох, иргэдтэй бодитоор зөвлөлдөх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь чухал” гэж Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, хуульч, өмгөөлөгч, судлаач П.Очирбал онцоллоо. Мөн иргэд ч эрхээ хамгаалахын тулд мэдлэг мэдээлэлтэй байж, мэргэжлийн байгууллага, хүмүүсээс зөвөлгөө авч байхыг мэргэжилтнүүд санууллаа.
Эх сурвалж: www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.176
Хот дахин төлөвлөлтийг ярьж эхээд зуун айлд төлөвлөлтөнд орсон айлуудаа түр шилжүүлэн суулгах 2 орон сууц бариулсаныг Бат-Үүл сайн хүн болох гэж ахмад настангуудыг оруулж байна гэж хуваарилаад дахин төлөвлөлтийн ажилд хамгийн том бэрхшээл үүсгэх эхлэл тавьсан.
Хариулах