Ирээдүйд гадил жимс устаж магадгүй

С.Гандэлгэр
2021/04/17

Гадил бол дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг жимснүүдийн нэг билээ. Харин зах зээлд худалдаалагдаж буй нийт гадил жимсний 99%-ийг Кавендиш сорт дангаар хангадаг бөгөөд хүн төрөлхтөн жил бүр ойролцоогоор 80 сая тонн кавендиш сортын гадил жимс хэрэглэдэг тооцоо гарсан байна. Тэгвэл энэхүү төрөлд хамаарах гадил жимсэнд ихээхэн хөнөөлтэй өвчин дэлгэрсэн нь ирээдүйд түүнийг устаж үгүй болох аюулд хүргээд байгаа аж.

Тодруулбал, анх 1990-д оны үеэс Малайз болон Индонези улсад тархаж эхэлсэн TR4 хэмээх халдвар нь хөрсөнд мөөгөнцөр үүсгэж, гадил жимсний моддыг гэмтээдэг ба түүнээс хойш Филиппин, Хятад, Австрали зэрэг улсуудад хүрээд байсан уг халдвар өнгөрөгч онд гадил жимсний хамгийн том экспортлогч бүс нутаг болох Латин Америкийн улсуудад тархсан тухай холбогдох эх сурвалжууд мэдээлсэн юм. TR4 нь төрөл бүрийн химийн бодис болон эмчилгээнүүдэд ихээхэн тэсвэртэй тул ямар ч арга хэмжээ авсан төдийлөн үр дүнд хүрдэггүй байна. Үүнтэй холбоотойгоор, нийт кавендиш сортын гадил жимсний ургалт болон нийлүүлэлтэд томоохон аюул занал учраад байгаа билээ.

Хэдийгээр дэлхийд нийт 1000 гаруй нэр төрлийн гадил жимс ургадаг ч, тэдгээрийн дийлэнх нь орон нутгийн зах зээлд худалдаалагдаад дуусдаг байна. Тиймээс ургац, хүрэлцээ талаасаа кавендиш сортын гадилнууд нь тохиромжтой тул дэлхийн нийтийн хэрэгцээг хангасаар ирсэн ажээ. Харин ийнхүү уг сорт нь устаж үгүй болох аюулд орсноор цаашид гадил жимс нь ихэнх улс оронд тун ховор төрлийн жимс болж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна