Лаос улсын цагдаа нар саяхан 55 сая ширхэг метамфетамин, 1.5 тонн кристал мет тээвэрлэж явсан ачааны автомашиныг саатуулсан тухай НҮБ-ын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага мэдээлжээ.
Энэ нь Ази тивийн түүхэнд нэг удаагийн ажиллагаагаар хамгийн их хэмжээтэй хар тамхины төрлийн бодис илрүүлсэн тохиолдол юм байна.
Шар айргийн авдарт ачсан хар тамхийг Тайланд, Мьянмартай хил залгаа Лаосын Бокео нутагт цагдаа нар саатуулжээ. Гурван улсыг холбодог энэ бүс нутгийг Зүүн Өмнөд Азийн хар тамхины үйлдвэрлэлийн Алтан Гурвалжин гэдэг.
Сүүлийн үед Лаост хар тамхи илрүүлэлт нэмэгдсэн нь хөрш Мьянмарын Шан мужид цэргийн эргэлтийн дараа улс төрийн тогтворгүй байдал үүссэнтэй холбоотой гэнэ. Мөн Хятад улс цар тахлын улмаас Мьянмартай залгаа хилээ хаасан нь гэмт хэрэгтнүүд ачаа бараагаа Лаосоор дамжуулдаг болоход нөлөөлсөн байна.
Хятадын Юннань мужтай Мьянмар улс хил залгадаг. Энэ хил нь Хятадын хувьд “Зэрлэг Өрнөд” болдог бөгөөд хууль бус үйл ажиллагаа явуулахад хамгийн тохиромжтой газарт тооцогддог байна. Хятадын гэмт хэрэгтнүүд гадаад руу зугтах бол зөвхөн энэ хилээр нэвтэрдэг.
Хятадад хориглодог мөрийтэй тоглоомын газрууд Мьянмарын хил дагуу олноор байрлаж, мансууруулах төрлийн бодисыг Хятад руу хууль бусаар нэвтрүүлдэг гол зам энэ хилээр дайрдаг байна.
Эх сурвалж: Ikon news
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна