Бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ

2021/11/08

Бөхийн төрлүүдийн 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болж өндөрлөлөө.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2019 оны Юрий Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны олон улсын тэмцээний хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр өмнөх өдөр нь тэгшитгэлд Беларусийн Ислам Гуйсеновыг 8:2-оор, 1/8 шигшээд Ираны Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын Арман Елояаныг 11:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд ОХУ-ын Артур Чебодаевт 3:5-аар ялагдсан. Тэгвэл өчигдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Кристофер Канноныг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогсохоор болов. Ийнхүү Белградын дэвжээнд Монголын долоон тамирчин зодоглосноос хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна.

Сонирхуулахад, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Н.Наранхүүгийн төрсөн ах ОУХМ Н.Насанбуян 2014 онд өсвөр үеийн, 2017 онд залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байв.

 Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.