Владимир Путин: Казахстан улсад гарсан төрийн эргэлт хийх террористуудын оролдлогыг амжилттай таслан зогсоолоо

Х.Есү
2022/01/11

Өнгөрсөн долоо хоногт Казахстанд том бослого үймээн гарсан. Иргэд эхэндээ шингэрүүлсэн хийн түлшний үнийн өсөлтийг эсэргүүцэж байсан бол сүүлдээ эрх баригчдын эсрэг тэмцэж эхэлжээ. Үймээний улмаас 164 хүн амиа алдаад буй. 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Казахстан улсад гарсан төрийн эргэлт хийх террористуудын оролдлогыг амжилттай таслан зогсоосноо мэдэгджээ. Мөн бусад гишүүн улс орнуудад ийм зүйл тохиолдвол ижил хариу арга хэмжээ авахаа илэрхийлжээ.

Владимир Путин: “Мэдээж Казахстанд анх удаа үймээн самуун гарч байгаа нь энэ биш. Бас энэ нь манай гишүүн улсуудын дотоод хэрэгт гадаадаас нөлөөлөх гэсэн сүүлчийн оролдлого ч биш. ХАБГБ-ын авсан арга хэмжээгээр бид дахин ийм нөхцөл байдалд хүргэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой харууллаа” гэж мэдэгдсэн байна. 

Мөн Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын энхийг сахиулагчид түр хугацаагаар Казахстанд нэвтэрсэн бөгөөд нөхцөл байдал тогтворжсоны дараа эх орондоо буцахыг амлажээ.

Бослогын төв болж байсан Казахстаны хамгийн том хот Алматы өчигдрөөс хэвийн амьдралд шилжиж эхэлсэн байна.

Хотын гудамж талбайг цэвэрлэж, дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд нээгдэж, нийтийн тээврийн систем ажиллаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Reuters, Russia Today



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна