Хуулийн "Гүтгэх, доромжлох заалт" бусад оронд ямар байдаг вэ

2022/05/25

Солонгост гүтгэлэг, доромжлолын хууль нас барсан хүнд ч үйлчилдэг

Өмнөд Солонгосын  доромжлох, гүтгэх тухай хууль бусад орныхоос нэлээд ялгаатай. Тухайн хүнийг доромжлохдоо ашигласан үг нь  үнэн байсан эсэхээс үл хамаарч  торгууль ногдуулах, тэр байтугай шоронд хорих шийтгэл ногдуулдаг. Барууны дийлэнх оронд гүтгэсэн болон бусдыг доромжилсон тохиолдолд зөвхөн иргэний хариуцлага хүлээлгэдэг бол Солонгост иргэний болон  эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Мөн гүтгэлэг болон доромжлолын тухай  хууль  зөвхөн амьд хүмүүст хамаарахгүй, нас барсан хүнд ч  үйлчилнэ. Гүтгэлэг болон доромжлолын хэрэгт холбогдсон хүмүүст долоо хүртэлх жил  шоронд хоригдох ял болон тухайн хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж мөнгөн торгууль ногдуулдаг. Хэрэв тухайн улсад оршин суудаг гадаадын иргэн бусдыг доромжилж, гүтгэвэл албадан гаргах арга хэмжээ авдаг.  2000 оноос хойш тус улсад нэр төрд халдсан тухай мэдээллүүдийн хэмжээ 40 гаруй хувиар өссөн бөгөөд бодитойгоор шүүж, хорих ял оноосон тохиолдол ч мөн адил нэмэгджээ. 

Тус улсад гүтгэлгийг эрүүгийн, иргэний гэж ангилдаг.
Эрүүгийн хуулийн  307 дугаар зүйл (Гүтгэлэг, доромжлол)
-Баримтыг олон нийтэд мэдээлж бусдын нэр төрийг гутаасан этгээдийг хоёр жилээс илүүгүй хугацаагаар хорих, эсхүл таван сая воноос дээшгүй мөнгөн дүнгээр шийтгэнэ. <1995 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5057 дугаар хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан>
-Бусдыг олон нийтэд худал мэдүүлж, гүтгэсэн этгээдийг таван жилээс дээш хугацаагаар хорих, арван сая воноос хэтрэхгүй торгох ял шийтгэнэ. 
<1995 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5057 дугаар хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан>
Үнэн мэдээ тарааж гүтгэсэн тохиолдолд 307-р зүйлийн нэгээр, худал мэдээ тарааж гүтгэсэн бол 307(1)-ээс бараг хоёр дахин хатуу шийтгэл оногдуулдаг.
Иргэний хуулийн дагуу 
Гүтгэлэг, доромжлол нь хэн нэгний нэр хүнд, зээлжих зэрэглэл гэх зэрэг нийгмийн харилцаанд ороход болон ахуй амьдралтай шууд холбогдож байдаг учраас хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргаж, хохирлоо нөхөн төлүүлэх бүрэн боломжтой байдаг. Тийм ч учраас Солонгосын Иргэний хууль Гүтгэлэг, доромжлолын тусгай журам гаргажээ. Тус улсын Иргэний хуулийн 764 дүгээр зүйлд зааснаар шүүх тухайн хүнд мөнгөн нөхөн төлбөр олгохоос гадна хохирлыг арилгах “тохиромжтой арга хэмжээ” авахыг даалгаж болно.

764 дүгээр зүйл (Гүтгэлэг, доромжлолын эсрэг хэрэглэх тусгай дүрэм)
Шүүх хохирогчийн хүсэлтээр бусдын алдар нэрийг гутаасан этгээдэд учирсан хохирлын оронд, эсхүл хохирлын хамт түүний алдар нэрийг сэргээх арга хэмжээ авахыг даалгаж болно.
Эх сурвалж: https://seoullawgroup.com/defa...

Германд хэн нэгнийг гүтгэж, доромжилсон бол 5 хүртэлх жилээр хоригддог

Гүтгэлэг, доромжлолын тухай  хуулийг Германы Эрүүгийн хуулийн 185-аас 200 дугаар хэсэгт заасан байдаг. Гурван сараас тав  хүртэлх жилийн  хугацаагаар хорих ял ногдуулах, дээр нь торгох журамтай. Тухайн хүнийг гүтгэсэн, доромжилсон утга бүхий зүйлсийг олон нийтийн сүлжээгээр ердөө нэг удаа нийтэлсэн тохиолдолд ч хэрэг үүсгэдэг. Ерөнхийдөө, нэхэмжлэгч нь гүтгүүлж, доромжуулснаасаа хойш гурван жилээс хэтрэхгүй хугацаанд гомдол гаргах эрхтэй байна. Германд гүтгэлэгийн хэрэг 2009 оны байдлаар 200.827 бүртгэгдсэн байна. 
Эх сурвалж: https://kellywarnerlaw.com/ger...

Орост 170 мянган ам.долларын торгууль ногдуулдаг

2011 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Дмитрий Медведев ОХУ-ын Эрүүгийн хуулийн 129-р зүйлийг "Гүтгэлэг" -ийг эрүүгийн ангиллаас захиргааны зүйл анги руу шилжүүлэх санаачилга гаргасан. Гэсэн хэдий ч зургаан сарын дараа хууль тогтоогчид гүтгэлгийн хэргээр дахин эрүүгийн хэрэг үүсгээд зогсохгүй чангалсан. ОХУ-ын Эрүүгийн хуульд гүтгэлгийн тухай шинэ хууль санаатайгаар худал мэдээлэл тараасан гэж буруутгагдсан хүмүүст оногдуулах ялын хэмжээг эрс нэмэгдүүлсэн. Хуучин хуулийн эх хувилбарт гүтгэн доромжилсон этгээдэд хорих, албадан ажил хийлгэх ялыг хүртэл зааж өгсөн. Ойролцоогоор 170 мянган ам.долларын торгууль ногдуулж буюу 12 долоо хоног хүртэлх хугацаагаар албадан тухайн гүтгэлэг, доромжлолоо засаж залруулах ажил хийхээр хуульд тусгасан байна. Хуульд нэр төр, алдар хүндэд нь халдсан, худал мэдээлэл  гэдгийг  мэдсээр байж тараасан, албан тушаалтан албан тушаалын байдлаа ашиглан гүтгэсэн тохиолдолд шийтгэл улам хүндрэх тухай тусгажээ. 
Эх сурвалж: https://www.loc.gov/item/globa...

Японд бусдын нэр төрийг гутаасан хэрэг 20 жилийн дараа хаагддаг

Японд гүтгэсэн тохиолдолд эрүүгийн болон иргэний хуулийн аль нэгээр шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн 230-1-д зааснаар:
Баримтыг олон нийтэд мэдээлснээр бусдын нэр төрийг гутаасан этгээдэд  үнэн, худал эсэхээс үл хамааран гурваас дээшгүй жил хорих, эсхүл 500 мянган иен хүртэлх мөнгөн дүнгээр торгоно. Тухайн үйлдэл нь нийтийн ашиг сонирхлын холбогдолтой, гагцхүү олон нийтийн эрх ашгийн төлөө үйлдэгдсэн бол баримтын үнэн, худлыг шалгаж, үнэн зөв нь нотлогдвол шийтгэл ногдуулахгүй. (Эрүүгийн хуулийн 230-р зүйлийн 2-ыг үзнэ үү). Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлд нэр төрд халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг арав (10) жилээр тогтооно гэж заасан байдаг. Нөгөөтэйгүүр, гүтгэсэн этгээд Японы Иргэний хуулийн 709, 710 дугаар зүйлд заасан зөрчлийн үндэслэлээр гүтгүүлсэн  этгээдийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж болно. Иргэний хуулийн 724 дүгээр зүйлд заасанчлан учирсан хохирлоо гурван жилийн дотор төлүүлээгүй бол  хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Мөн гэмт хэрэгтэн гэм буруутай үйлдэл үйлдсэнээс хойш 20  жил өнгөрвөл хэрэг хаагдана.
Японд гэмт хэргийн шинжтэй гүтгэлэг газар авсаар байгаа бөгөөд жил бүр олон зуун хүн бусдын нэр хүндэд халдсан буюу гүтгэсэн доромжилсон  хэргээр баривчлагддаг. Гэмт этгээдүүдийг баривчлах ажилд үндэсний цагдаагийн байгууллага идэвхтэй оролцдог. Гүтгэлгийн хохирогчид ихэвчлэн иргэний нэхэмжлэл гаргахаас илүүтэй эрүүгийн хариуцлага ногдуулах хүсэлтэй байдаг . Шалтгаан нь иргэний хуулиар  гүтгэж, доромжилсон этгээдэд бага хэмжээний торгууль ногдуулдаг. 

Эх сурвалж: https://kellywarnerlaw.com/jap...

Финланд улс хүний нэр төрийг Үндсэн хуульдаа дархалсан байдаг

Тус улс аливаа хүний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэхийг Үндсэн хуулиараа хориглосон байдаг. Үндсэн хуулийнхаа 10 дугаар зүйлд "Хүний нэр төр, хувийн амьдрал, хувь хүний мэдээлэл нь халдашгүй байна" гэж заасан нь гүтгэгч, доромжлогч нарыг гишгэх газаргүй болгосон. Тийм ч учраас Финланд улс хүн амьдрахад маш тохиромжтой улсуудын жагсаалтад дээгүүр бичигддэг байна. Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд арваннэгдүгээрт эрэмбэлэгддэг тус улс нь эмэгтэйчүүдэд улс төрийн эрхийг өгч байсан Европын анхны улс юм. Мөн НҮБ-аас гаргасан хамгийн сүүлийн дэлхийн улсуудыг аз жаргалын хувиар нь эрэмбэлсэн жагсаалтад Финланд улс тэргүүлсэн.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.141.16
    2022/05/28

    ЭРҮҮГИЙН ХЭРЭГ БИШ. ТОРГУУЛЬ ӨНДӨР БАЙХ ХЭРЭГТЭЙ.( Даагнаас унаагүйч даравгараасаа болж унадаг) монгол ардын зүйр үг бий.

    Хариулах
  • 203.91.115.49
    2022/05/26

    German Yopon 2iin negiig zasvargui orchuulaad batalchih ni zuv gej bodoj bn Yopon Germanii irged shig amidarch uzmeer bn shde tiim bizdee nuhud uu !

    Хариулах
  • 66.181.166.159
    2022/05/26

    хөгжилтэй орны жишээнүүд авууштай зүйлүүд их байна. хуулбарлах боломж байгаа л юм байна.Гэхдээ ямар ч сайн хууль байгаад Шүүх засаглал зөв шийдвэр гаргахгүй бол хэрэггүй. Хууль үйлчилдэг субьект нь хоорондоо харилцан адилгүй байгаа учраас Монголд жинхэнэ хэрэгтэн, хохирогч хэн бэ? гэдэг нь эргэлзээтэй.

    Хариулах
  • 213.87.136.97
    2022/05/26

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах