Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдэн орсон. Тус конвенцэд нэгдэн орсноор өөрийн орны нутаг дэвсгэр дээрхи соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээх болсон.
Мөн ЮНЕСКО монгол гэрийг хүн төрөлхтний хамгаалах шаардлагатай өв хэмээн үзэж “Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д 2013 онд бүртгэж байв.
Иймд монгол өв соёл, уламжлалаа хадгалан авч үлдэх, эргээд дараагийн хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой төр засгийн зүгээс олон ажлууд хийгдэж байна.
Үүнээс гадна иргэн, хувиараа бизнес эрхлэгч, ААН, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар ч мөн энэ талаар олон ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа аж. Үүний нэг илрэл нь “Жижиг Дунд Үйлдвэрийн өдөр- 2022” өдөрлөгийн хүрээнд явагдаж буй “Модон сийлбэртэй Монгол гэрийн үзэсгэлэн худалдаа” юм.
Тус үзэсгэлэн төв талбайд энэ 7 хоногийн амралтын өдрүүдэд болж үргэлжлэх хуваарьтай бөгөөд модон эдлэл ашиглан уран дархны аргаар хийгдсэн хосгүй чамин бүтээлүүд байгаа аж. Энэ талаар тэнд буй хүмүүсээс асууж тодруулсан нь:
Ц. БАТДЭЛГЭР: “ЭНЭ ТАЛБАЙД БАЙГАА БҮХ МОНГОЛ ГЭР МОДОН СИЙЛБЭРЭЭР ХИЙГДСЭН”
ЖДҮ-ийн хувиараа бизнес эрхлэгч Ц. Батдэлгэр: “Үндсэндээ наадмын жинхэнэ чамин жижиг сийлбэртэй гэрүүд баригдаж байгаа. Өнөөдрөөс дандаа сийлбэртэй гэрийн үзэсгэлэн худалдаа болж байна. Энэ талбайд байгаа монгол гэрийн бүх үзэсгэлэн худалдаа модон сийлбэрээр хийгдсэн. Манайх хувиараа бизнес эрхэлдэг. Сийлбэртэй гэрийн худалдан авалт өргөн дэлгэр биш. Гэхдээ “Зусландаа гарна” гээд хүмүүс худалдаж авах хэрэглээ бол байгаа. Энгийн гэрийг бодвол их үнэтэй” гэв.
П. УРАНБАТ: “НАДААС БҮР БИЗНЕС НЬ АМЖИЛТТАЙ ЯВЖ БАЙГАА ХОРЬТОЙ ЗАЛУУ ХҮРТЭЛ “ЗУСЛАНДАА ТАВИНА” ГЭЭД МОДОН СИЙЛБЭРТЭЙ ГЭР АВСАН”
УР ТРЕЙД ХХК-ын захирал П. Уранбат: “Би өөрөө хувиараа энэ бизнесийг хийгээд хориод жил болж байна. Бас компанитай. Энэ компаны үйл ажиллагаа чиглэл нь мод модон бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг 12 нэр төрлийн нэр зүйлээр зөвшөөрөгдсөн компани байгаа. Үйл ажиллагаа явуулаад, жигдрээд л байна. Манай үйлдвэр 15 ажилчинтай. Модон сийлбэрээ 3-4 сарын хугацаатай хийдэг. Гараар хийдэг учраас ажиллагаа ихтэй, цаг хугацаа нилээн урт орно. Одоогоор хөрөнгө оруулалт гэхээсээ илүү өөрийн компаны орлого үйл ажиллагаагаар санхүүжээд явж байна. Энэ модон гэрийг худалдан авч зусландаа гардаг, баяр наадмаар ашигладаг учраас яг сезоны цагт. Би хоёр жилийн хугацаанд таван гэр хийсэн. Одоо гурав нь борлогдсон байна. Ямар ч хүн авч болно. Заавал тийм хүн авдаг гэж онцлох бол онцгүй. Надаас бүр бизнес нь амжилттай явж байгаа хорьтой залуу хүртэл “Зусландаа тавина” гээд авсан.”
Б. ЦЭЭНЭЭ: МОНГОЛ ГЭР БОЛ ЗӨӨВРИЙН ОРОН СУУЦ
Үзэсгэлэнг үзэж сонирхсон иргэн Б. Цээнээ: “Би хүүхэд байхаасаа монгол гэрт төрж өссөн. Аав ээжийн уламжилсан монгол ёс заншил гэж байгаа. Тийм учраас гэрт өссөн учраас дуртай л байдаг. Үүнийг үеийн үед хийхгүй байна гэсэн зүйл байхгүй. Яагаад гэвэл монгол гэрийг үе уламжлаад баригдаж ирсэн. Наад зах нь залуучууд үнэтэй орон сууц авч чадахгүй байна. Урьдчилгаа мөнгө гэхэд хамаг амьдралынхаа мөнгөө баталгаа болгоод хийж байна. Зарим нь ашиглалтанд ороогүй, орсон ч гэсэн чанарын шаардлага хангаагүй. Монгол гэр бол зөөврийн орон сууц учраас хаана ч авч явж, тээвэрлээд амьдраад явахад таарсан гэр орон гэж боддог. Тэрнээс биш үүнийг огт хийхгүй, авахгүй гэсэн зүйл байхгүй. Би үр хүүхдүүддээ монгол гэрийг уламжлуулж, яаж барих уу? Гэдгээс авахуулаад яаж арчилж явах уу? Талаас нь хэлж ярьж өгөөд явж л байдаг. Энэ зун наадмын үеэр хүүхдүүдээ авчирах гээд гэрээ бариад, бүх юмаа бэлдсэн л байна.
Сүүлийн үеийн монгол гэрийн тохижилт ямар байна гэдгийг үзэж сонирхож байна. Дээр үед яг ийм гараар сийлсэн модон сийлбэртэй уламжлалт монгол гэр байсан. Эдгээрийг үзэж сонирхоод л явж байна.”
УРАН ДАРХАН Н. МӨНГӨНБАЯР: МОНГОЛ ГЭРИЙГ МОДОН СИЙЛБЭРЭЭР УРАН ДАРХНЫ АРГААР ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ХИЙДЭГ
Уран дархан Н. Мөнгөнбаяр: ”Монгол гэрийг доторх бүх тавилгатай нь цуг монгол уран дархны аргаар болон хөөмлийн аргаар, таван хүн хоёр жилийн хугацаанд гараараа сийлж хийсэн. Бүх л хүмүүс их сонирхдог. Гол нь хүмүүсийн аж амьдрал хэцүү байгаа учраас сонирхоод л өнгөрч байна. Худалдан авалт их тааруу байгаа. Одоо энэ гэр доторх иж бүрдэл, тавилгатайгаа нийлээд 180 сая төгрөг болно” гэв.
Иймд зуны дэлгэр цаг эхэлж, эрийн гурван наадмын баяр хаяанд ирсэн энэ цаг үед иргэд монгол гэр болон доторх тавилга, иж бүрдлийг хөдөө гадаа явах, зуслангийн байшиндаа авч тавих зорилгоор худалдан авдаг болсон.
Б. Оргил
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.145.229
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах