ЗӨВЛӨЕ: Халуун хуушуур идчихээд араас нь айраг уух буруу​

2022/07/07

Баяр наадмын өдрүүдэд иргэд "Зохицох, үл зохицох хүнс",  “Эрүүл зохистой хооллолт"-ын талаар тэр бүр сайн мэдлэггүйгээс болж хоолны хордлого, гэдэс өвдөх, өтгөн хатах, хоолны шингэц муудах гэсэн хүндрэлүүд үүсдэг билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • Хонины элэг чинжүүтэй, загасны мах өндөг болох сүүтэй зохицдоггүй. Харин дангаар нь хэрэглэхэд болно.

Учир нь дангаар нь хэрэглэхэд хэвийн мөртлөө хооронд нь хольж хэрэглэхэд зохицдоггүй хоол хүнс гэж байдаг. Тийм хүнс нь найруулсан хор мэт биеийг хямраана.

  • Хорхог, боодог зэрэг махан бүтээгдэхүүний уурыг заавал дарж байгаад хэрэглэх нь зүйтэй

Монголчууд махыг түлхүү хэрэглэдэг бөгөөд янз бүрийн аргаар буюу чанах, шарах, хорхог, боодог хийх зэргээр боловсруулдаг. Тэгвэл болсон махныхаа уурыг нь гаргалгүй идэж, хэрэглэвэл харшилж, биеийг хямраана. Тиймээс хорхог, боодгыг заавал уурыг нь дарж байгаад хэрэглэх нь зүйтэй. Хэрвээ анзаарвал, халуун тогооноос гаргаж ирээд уур нь савсаж байгаа махны амт, уур нь дарагдсан махны амт хоёр өөр байдаг. Иймд махны уурыг дарж хэрэглэх нь маш чухал.

  • Сүү жимстэй зохицохгүй

Учир нь сүү жимстэй зохицохгүй гэж түүхэн сурвалжид бичсэн байдаг. Мөн гэсгээж байгаа түүхий махны хажууд сүү, тараг, цагаан идээ, боловсроогүй гүүний саам тавих нь хоорондоо үл зохилдож, биеийг хорлоно гэж бичигдсэн нь бий.

  • Зуны улиралд мах, махан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах ёстой

Зуны улиралд байгаль цаг уурын нөлөөгөөр хүний арьсны нүх сүвнүүд бүгд биологийн зохицуулалтаараа нээгддэг. Өөрөөр хэлбэл, гадаа хэт халахаар хүний бие арьсныхаа нээгдсэн нүхээр хуримтлагдсан дулаанаа гадагшлуулах зохицуулалт хийдэг гэсэн үг.

Арьсны бүх сүв нээгдсэн ийм үед уламжлалт анагаах ухааны хэллэгээр ходоодны галын элч буюу хоол шингээлт буурдаг. Тиймээс ийм үед мах махан бүтээгдэхүүн буюу ходоодонд удаан боловсордог бүтээгдэхүүнийг багасгаж, сүү сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх нь зүйтэй.

  • Халуун хуушуур идчихээд араас нь айраг уух буруу

Халуун хуушуур идчихээд араас нь айраг уух нь үнэхээр буруу. Энэ нь хоорондоо зохилдохгүйгээр биеийг хямрааж, улмаар дархлааг муутгадаг.

  • Хүний бие дулааны аргаар хоолоо боловсруулж байхад нь хүйтэн зүйл уух нь биеийг хямраах уршигтай

Иргэд мах, махан бүтээгдэхүүний араас хийжүүлсэн ундаа хэрэглэх нь хоолыг задалж, шингээдэг гэж буруу ойлгодог. Хүний хоол боловсруулах систем нь ходоод, нойр булчирхай, цөс зэргийн шүүрлүүд ялгарч хоолыг ходоодонд дулааны аргаар боловсруулдаг. Энэ нь маш буруу үйлдэл юм. 

Энгийнээр хэлэхэд, ийм үйлдлийн дараа ходоод дахь хоол хүнс зайрмагтсан ч юм шиг зүйл болно. 

Ингэснээр хямарсан ходоодыг  улам хямраах буюу тухайн хоол хүнсийг ходоодонд удаана гэсэн үг. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.145.229
    2022/07/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах