УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагч нартай уулзалт хийлээ

Х.Есү
2023/05/11

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл болон Төрийн албаны шинэчлэлийн талаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагч нартай уулзалт хийлээ. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга нар, хороон дарга, албан хаагчид оролцлоо. УИХ-ын дарга эхлээд Үндсэн хуульд өөрчлөлт хийх шаардлагын талаар танилцуулав. Парламент хүчтэй байх шалгуур нь төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа чадвартай, удаад нь нээлттэй, ил тод байдлыг хангасан, гуравдугаарт иргэдийн оролцоо буюу хүртээмжтэй байдлыг хангасан байх гэдгийг ярианыхаа эхэнд онцоллоо. Харин ардчилсан парламентын төлөөлөх чадамж нь хүн амын төлөөлөл, тойрог буюу нутаг дэсгэрийн төлөөлөл, эцэст нь нийгмийн анги давхаргын төлөөллөөс хамаардаг гэв.  Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд, малчид, бизнес эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд....зэрэг анги давхаргын төлөөлөл парламентад хангагдах ёстой гэсэн юм. Энэ шалгуурыг хангах буюу жинхэнэ төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж, ард түмний хүсэл зоригийг илэрхийлэх бодлого тодорхойлж, хууль тогтоомж батлахын тулд парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг хөндөж байгаа гэлээ.

Монгол Улс 1992 онд парламент 123, 108, 134, 152 гишүүнтэй байх олон хувилбар яригдаж байсныг Улсын Их Хурлын дарга дурдсан. Тухайн үед хүн амын тоо 2.2 сая, үүнээс 1.1 сая нь сонгуулийн насны иргэд байсан бол өнөөдөр 3.4 сая иргэний 2.2 сая нь сонгуулийн насныхан байна. Хоёр дахин өссөн, ийм үндэслэлээр төлөөллийн зарчмыг хангах шаардлагаар парламентын бүрэлдэхүүнийг хоёр дахин өргөжүүлэх шаардлага үүсээд байна гэж үзсэн аж. Нийслэлийн хувьд, тэр дундаа хороодын өмнө тулгамдсан асуудал нь баг хорооны үйл ажиллагааны зардлыг харьяалах сум, дүүрэг баталдаг хуультай. Тодруулбал, бие даасан төсөвгүй. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулна гэдэг эцэстээ хороон дарга асуудал шийдэх эрх мэдэлтэй байж биелнэ. Тиймээс хотын төвд бүх асуудал шийдэгддэг төвлөрлийг задлах шаардлага бий болсныг ч тодотгов.

УИХ-ын дарга Г.Занданшатар мөн Төрийн албаны шинэчлэлийн талаарх мэдээллийг өглөө. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэсний дараа Улсын Их Хурал төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Орон нутаг тэр дундаа хороонд ажиллах хүн олдохгүй байна. Төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэхдээ цалингийн бодлогоор дэмжих аж. Тэр тусмаа Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа өнөөгийн нөхцөлд нийслэлийн иргэдэд хүргэх үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хуваарилах шаардлага бий. Тиймээс нутгийн захиргааны байгууллагын ажлын ачаалал, чиг үүргийг жигд хуваарилах хүрээнд Төрийн албаны шинэчлэлийг хийж буй гэв.  Тэрбээр “Анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг шийдэж байж ёс зүйтэй, сахилга баттай, хариуцлагатай албан хаагч бий болно. Энэ нь Монгол төрийн нэр хүндийг өргөнө” гэлээ.

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.249
    2023/05/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах