“Азиудыг гадуурхахаа зогсоо”

2021/03/19

АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын гурван массажны газарт мягмар гаригт зэвсэгт халдлага гарч, нийт найман хүн алагдсаны зургаа нь Ази гаралтай эмэгтэй байсан нь тус улсад нэлээд их асуудал дагуулж эхэллээ. Алагдсан эмэгтэйчүүдийн дөрөв нь Солонгос гаралтай болохыг Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам мэдээлэв. Цагдаа нар дээрх гурван халдлагыг үйлдсэн хэрэгт 21 настай цагаан арьст залууг сэжиглэн баривчилж мөрдөн байцаалт явуулж байна.

Энэ халдлагатай холбоотойгоор тус улсад амьдарч байгаа Ази  гаралтай эмэгтэйчүүдийн айдас улам нэмэгдлээ. Учир нь цар тахал Хятад улсаас анх илэрсэнтэй холбоотойгоор Ази хүмүүсийг гадуурхах үзэл  тус улсад идэвхжсэн юм. Түүнчлэн өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл улам газар авч, хэд хэдэн газар иргэдийн дунд томоохон мөргөлдөөн гарсан билээ.

Тухайлбал, COVID-19-ийн улмаас Азиудын эсрэг гэмт хэрэг 150 хувиар өссөн судалгаа гарчээ.Энэ талаар Жоржиа муж улсын Ардчилсан намын  гишүүн Бий Нгуен “Энэ удаагийн халдлагаас болж олон нийт айдаст автсангүй. Учир нь Азиудыг үзэн ядах үзэл экс ерөнхийлөгчийн үед цар тахлын гарал үүсэлтэй холбоотойгоор өнгөрсөн жилээс өсөн нэмэгдсэн . Түүнчлэн Ази гаралтай Америк эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн олон тохиолдол АНУ-ын түүхэнд бий. Бидний эцэг эх, түүнээс дээш үеийнхэн ч ийм төрлийн хүчирхийлэлтэй нүүр тулж байсан” гэж ярьжээ.

Мөн “АНУ-д өнгөт арьстан хүн өдөр бүр ялгаварлан гадуурхах үзэлд өртдөг” гэж нэгэн иргэн ярив. Атланта хотын захирагч Кейша Ланс Боттомс “Атлантад болсон аймшигт халдлагыг бид нүдээрээ харлаа. Халдлагад өртсөн эмэгтэйчүүд гэр бүлээ тэжээхийн тулд ажлаа хийж байсан.Мөн тэд цар тахлын хохирол амссан. Одоо бид айдастай амьдрах боллоо.Жорж Флойдын үхлийн дараа өнгөт арьст Америкчуудын хүчирхийллийн эсрэг асуудалд анхаарлаа хандуулсан шиг Ази гаралтай Америкчуудад үүссэн асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Ази ах, эгч нартай хамт өөрсдийн эрхийн төлөө тэмцэх ёстой” гэж ярьсан байна. Өмнөх Ерөнхийлөгч Трамп COVID-19-ийг Хятадын вирус гэж нэрлэснээр Азиудыг гадуурхах үзэл АНУ-д хүчээ авч, улмаар хурцадлаа гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна