Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад 430 сая хүн COVID-19 эсрэг вакцинд хамрагдаад байна. Цар тахлыг зогсоох сүүлчийн итгэл найдвар нь вакцин учраас вакцины үйлдвэрлэл, нийлүүлэлттэй холбоотой маргаан олон нийтийн санааг зовоож байна. Эдгээрээс хүн төрөлхтөнд хамгийн хортой нь хуурамч вакцин нийлүүлэх явдал юм. Тэгвэл ОХУ-д үйлдвэрлэж байгаа COVID-19 эсрэг Спутник-V вакциныг хуурамчаар үйлдвэрлэн хувийн онгоцоор тээвэрлэж байсныг Мексикийн эрх баригчид илрүүлжээ.
Гэмт этгээдүүд 5775 тунтай тэнцэхүйц 1155 шил вакциныг хувийн онгоцоор тээвэрлэн, ундааны хөргүүр дотор нуун оруулж ирэхээр завдсаныг Мексикийн “Campeche” олон улсын нисэх онгоцны буудал дээрээс барьж авсан байна. Дээрх вакцин нь жинхэнэ Спутник-V-тэй ижил савлагаатай боловч, тэмдэглэгээ нь хуурамч бөгөөд дотор нь спирттэй устай адил зүйл хийсэн байжээ.
Мексик улс өнгөрсөн сард 200 мянган тун Спутник-V вакциныг хүлээн авсан. Хуурамч вакциныг Бүгд Найрамдах Гондурас улс руу Мексикээр дамжуулан тээвэрлэж байсан юм.Үүнтэй холбоотойгоор Спутник-V вакцины албан ёсны твиттер хуудаст хуурамч вакциныг ялган таних зааврыг нийтэлсэн байна. Жинхэнэ вакцин нь "Гам-КОВИД-Вак" гэсэн шошготой байх ёстойг анхааруулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна