Австралийн Парламентын ордонд секс хийсэн дүрс бичлэгүүд задарч, иргэд эсэргүүцэж жагсаал хийж байна

С.Гандэлгэр
2021/03/24

Австралийн засгийн газрын ажилтнууд парламентын ордон дотор секс хийж буйг харуулсан дүрс бичлэгүүд задарснаар ерөнхий сайд Скотт Моррисоны танхимыг тойрсон дуулиан эрчимжлээ.

2019 оны гуравдугаар сард парламентын ордонд хамт ажилладаг эрэгтэйдээ хүчиндүүлсэн тухайгаа засгийн газарт ажиллаж байсан Бриттани Хиггинс өнгөрсөн сард өөрийгөө зарлаж, ил гарч байв. Тухайн үед албан тушаалтнууд уг хэргийг нуун дарагдуулахын тулд эмэгтэйд шахалт үзүүлж байсан нь ил болсон юм.

Энэ дуулиантай холбоотойгоор саяхан Австрали даяар “#March4Justice” уриан дор олон арван мянган эмэгтэйчүүд нийгэм дэх бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэж жагссан байна.

Тэгвэл энэ удаа хэд хэдэн дүрс бичлэг задарсны дотор нэг эрэгтэй ажилтан парламентын эмэгтэй гишүүний ширээн дээр гар хангалга үйлдэж байгааг харуулсан дүрс багтжээ.

Даваа гарагийн орой “The Australian” сонин болон Channel 10 телевизийн сувгаар эдгээр дүрс бичлэг, гэрэл зургууд задарсан юм.

Засгийн газрын ажилтнууд өөрсдийн үйлдлийн дүрс, зургийг буулгаснаа групп чатаар хоорондоо хуваалцдаг байсныг өөрийгөө Том гэж нэрлэсэн экс ажилтан задруулж, хэвлэлд өгсөн байна.

Томын ярьснаар засгийн газрын ажилтнууд болон парламентын гишүүд ордны мөргөлийн өрөөнүүдийг секс хийхэд ашигладаг, биеэ үнэлэгчдийг гаднаас ордонд оруулах явдал түгээмэл байдаг гэнэ.

Зураг, бичлэгт тод дүрслэгдсэн парламентын гишүүний нэг туслахыг өнгөрсөн шөнө ажлаас нь халж, бусад хүмүүсийг мөрдөн шалгах ажил эхэлсэн тухай Австралийн засгийн газар өнөөдөр мэдээлжээ.

Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайд Мэрис Пэйн задарсан зураг, бичлэгүүдийг үзээд маш их харамсаж байгаагаа илэрхийлж, парламент, засгийн газрын ажлын байрны соёлд шалгалт явуулах хэрэгтэйг онцолсон байна.

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр өглөө болсон хэвлэлийн хурлын үеэр бичлэгүүдийг үзээд цочролд орсноо ярьж, засгийн газрын ажилтнуудын ёс зүйд томоохон өөрчлөлт хийж, парламентын ордонд дэг журам тогтоохоо амлажээ.

“Бид энэ ордонд дэг журам тогтоох ёстой. Бид үүнийг улс төрөөс ангид авч үзэж, асуудал байгааг хүлээн зөвшөөрч, алдаагаа засах ёстой” гэж тэр хэлсэн байна.

Ерөнхий сайд өмнө нь Хиггинсийн хэргийн мөрөөр хангалттай арга хэмжээ аваагүй, эмэгтэй жагсагчдын төлөөллийг хүлээж авч уулзахаас татгалзсан хэмээн шүүмжлүүлж байсан юм.

Өнөөдөр Австралийн парламентын ордны гадна олон мянган иргэн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна