Зуны олимпын XXXII наадмын галт бамбарын буухиа аялал өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-нд Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village”-ээс эхэлнэ.
Грекийн "Олимп" уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг жилийн өмнө Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпын музейд хадгалж байсан юм.
Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын хүнд үед “Hope Lights Our Way” буюу “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” хэмээх уриатай олимпын галт бамбарын буухиа одоогоос 10 жилийн өмнө Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас хамгийн их хохирол амссан Фүкүшимагаас эхэлж байна.
121 хоногийн туршид Японы нийт 47 аймаг, 857 хот, суурин газрыг туулан долдугаар сарын 23-нд олимпын цэнгэлдэхэд морилох галт бамбарыг 10,000 гаруй хүн буухиалах юм.
Токиогийн олимпын бамбар нь Японы үндэсний бэлгэдэл болсон Сакура (cherry blossom) цэцгийн дэлбээний загвартай, 71 см өндөр, 1,2 кг жинтэй.
Бамбарын бүтцийн 30 хувьд 2011 оны байгалийн гамшгийн дараа барьж байсан нийтийн түр хоргодох байрны бүтцэд ашиглагдаж байсан хөнгөн цагааныг дахин боловсруулсан материал оролцуулж, алдарт "Шинкансэн" хурдны галт тэрэгний үйлдвэрлэлд ашигласан технологоор бүтээсэн байна.
Мөн энэ удаагийн бамбар нь түүхэнд анхны устөрөгчийн хүчийг ашигласан галт бамбар болох аж.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.22.152
medeegee hyanaj bai. japanii gazar nutag deer 857 hot bagtah uu
Хариулах