Австралийн засгийн газар Энэтхэг улсаас эх орондоо буцаж ирсэн иргэдээ 60мянган австрали доллараар торгох, эсвэл таван жил хорих ялаар шийтгэх журам гаргажээ. Хэрэв энэ журмыг зөрчиж, сүүлийн 14 хоногт Энэтхэг улсад байсан эсвэл тус улсаар дамжиж ирэхийг оролдсон иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Журмыг ирэх даваа гарагаас эхлэн 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мөрдөх аж.
Тус улсын эрүүл мэндийн яам Энэтхэг улсад "Ковид-19" цар тахалын халдвар авсан, хорио цээрийн дэглэмд байгаа хүмүүсийн эзлэх хувьд үндэслэн, түр журам гаргасан гэж тайлбарласан байна. Энэтхэгээс Австралид ямар нэгэн арга замаар буцаж ирэхийг оролдсон хүн бүрт 66мянган австрали доллараар торгох, эсвэл 5хүртлэх жилийн хорих ял онооно, хэрвээ улс орныхоо био аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулсан гэж үзвэл дээрх хоёр шийтгэлийг давхар ногдуулах гэнэ.
Австрали улс энэ 7 хоногийн эхээр Энэтхэгээс ирэх ердийн нислэг болон иргэдээ татаж авах тусгай үүргийн бүх нислэгийг 5 дугаар сарын 15-н хүртэл зогсоосон. Ингэснээр Энэтхэгт ажиллаж амьдардаг Австралийн 9 мянга гаруй иргэн, тэр дундаа эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа 600 орчим иргэн нь хүнд байдалд орж байгаа юм. 5 дугаар сарын 15-нд Австралийн эрүүл мэндийн яам Энэтхэг улс дахь цар тахлын нөхцөл байдлыг харзнаж, эрсдлийн үнэлгээ хийсний үндсэн дээр энэхүү журмыг сунгах эсэхийг шийдэх юм байна.
Австрали нь өнгөрсөн оны 2 дугаар сараас хойш "Ковид-19" цар тахлын халдварыг хязгаарлах чиглэлд олон удаагийн хатуу арга хэмжээ хэрэгжүүлсэн. Энэ бодлогынхоо үр дүнд өнөөдөр тус улс халдварын тохиолдол дотооддоо байхгүй, бусад улстай харьцуулахад нас барсан маш цөөн тохиолдол бүртгэгдсэн. Харин хатуу хөл хорионы уршгаар тус улсын хилийн чанад дахь иргэд эх орон руугаа буцаж чадахгүй, гацаад байгаа юм.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна