БНХАУ-ын эрх баригчид гэр бүлүүдэд 3 хүүхэдтэй болохыг нь зөвшөөрсөн шийдвэр гаргаад байгаа тухай Хятадын Синьхуа агентлаг мэдээллээ.
Энэ шийдвэрийг Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны хуралдаанаас гаргасан байна. Гэхдээ одоогоор энэ шийдвэр хэзээнээс хүчин төгөлдөр болох нь тодорхойгүй байгаа аж. 1979 оноос буюу Мао Зэдун удирдагчийг таалал төгссөнөөс хойш 3 жилийн дараагаас Хятадад төрөлтийг хязгаарлах хатуу бодлого баримтлах болсон юм.
Энэ дагуу гэр бүлүүдэд нэг хүүхэдтэй болохыг л зөвшөөрсөн байдаг. Гэхдээ эрүүл мэндийн болон бусад онцгой шалтгаанаар нэгээс илүү хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг байсан юм. Энэ хориг шийдвэрийг зөрчвөл өндөр торгууль оногдуулдаг байсан төдийгүй төрийн албанаас, коммунист намын эгнээнээс хасах зэрэг шийтгэл хүлээлгэдэг байв. Харин хэдхэн жилийн өмнөөс нэг гэр бүл нэг хүүхэд бодлогоо зөөллөж эхэлсэн.
Зөвхөн эцэг эх нь 2 уулаа айлын ганц хүүхэд бол, хөдөө орон нутагт амьдардаг, эсвэл анхны хүүхэд нь охин бол 2 хүүхэдтэй болохыг зөвшөөрч байсан. Үүний дараа 2013 оноос эцэг эхийнх нь нэг нь айлын ганц хүүхэд бол 2 хүүхэдтэй болохыг нь зөвшөөрсөн хууль баталсан. Харин 2016 оноос Хятадын бүх гэр бүлд 2 хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм. ийнхүү нэг гэр бүл нэг хүүхэд бодлогоо зөөлрүүлэх болсон нь тус улсад хүйсийн харьцаа алдагдсан, хүн амын дундах өндөр настнуудын хувь эрс нэмэгдсэн зэрэг олон асуудал дагуулах болсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг юм.
Хэдийгээр нэг гэр бүл 2 хүүхэд бодлого хэрэгжүүлж эхэлсэн 16 онд төрөлт жилдээ 16 саяд хүрч байсан ч өнгөрсөн жил 12 сая хүүхэд төрсөн нь 1960 оноос хамгийн бага төрөлттэй жилд тооцогдож байна. Хятадын албан ёсны статистик мэдээллээр өнгөрсөн оны эцэст тус улсын хүн ам 1 тэрбум 410 саяд хүрсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна